Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд дэлхийн газрын тосны зах зээл, шатахууны хангамж, үнийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 2026 оны эхний хоёр сард газрын тосны үнэ тогтвортой байсан ч АНУ, Израилийн Иранд явуулж буй цэргийн ажиллагааны нөлөөгөөр энэ сарын эхнээс өсөж, Брент маркийн тос баррель нь 108.23 ам.долларт хүрсэн бол одоогоор 102.99 ам.долларын түвшинд байна.
ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хил үнэ дэлхийн зах зээлийн үнэтэй шууд холбоотой тул энэхүү өсөлт нь дотоодын шатахууны жижиглэнгийн үнэд нөлөөлөхөөр байгаа юм.
Засгийн газраас нөхцөл байдалтай уялдуулан импортын барааны гаалийн татварт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс гадна шатахууны нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд агуулахын хүчин чадлыг өргөтгөх ажил хийгдэж, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг боловсруулжээ.
Энэ онд 150 мянган шоо метр багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн нь нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилготой.





