Монгол, Шинэ Зеланд хоёр улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, ялангуяа хонины ноос хяргах болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр боллоо. Энэ хүрээнд хоршооллын аж ахуйг хөгжүүлэх Шинэ Зеландын туршлагыг нутагшуулах нь гол зорилго юм.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад айлчилж буй Шинэ Зеландын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлигийн айлчлалын үеэр талууд санамж бичиг байгуулжээ. Тус баримт бичгийг Шинэ Зеландын “Шейр Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч Паул Бро, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар үзэглэсэн байна.
Хамтын ажиллагааны гол агуулга:
- 2025–2031 онд олон улсын стандартад нийцсэн сургалтад 5000 монгол малчныг хамруулах
- 2026 оноос эхлэн зургаан жилийн хугацаанд 200 сумыг орчин үеийн ноос хяргах тоног төхөөрөмжөөр хангах
- Шинэ Зеландаас нийлүүлэх тоног төхөөрөмжүүд:
- 200 ширхэг хайч ирлэгч, явуулын иж бүрдэл
- 1000 ширхэг гар хяргагч
- 10 мянган сам
- 50 мянган гар хайчны хутга
- 200 ширхэг явуулын хонь угаах төхөөрөмж
- 200 ширхэг ноос шахагч машин
- Албан ёсны засвар үйлчилгээний төв байгуулах
- Монголын мал аж ахуйн холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлж, туршлага солилцох
Энэхүү санамж бичиг нь Монголын ноосны салбарт шинэчлэл хийх чухал эхлэл болж, малчдын хөдөлмөрийн бүтээмж, амьжиргаанд бодит хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.