Любляна дахь олон улсын тэмцээн 14-нд эхэлнэ
Словенийн Любляна хотод жүдо бөхийн олон улсын нээлттэй тэмцээн энэ сарын 14-нд эхлэх гэж байна.
Уг тэмцээнд 44 орны 500 гаруй жүдоч хүч сорих бөгөөд манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч Х.Цагаанбаатарын удирдлагад дөрвөн тамирчин мэдүүлэг өгчээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Э.Бат-Энэрэл нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Уранзаяа, -78 кг-ын жинд О.Хүслэн нар зодоглохоор байна.
Жингүүдийн оролцогчдын тоо, бэлтгэлийн мэдээлэл
Энэ удаагийн тэмцээнд хамгийн олон тамирчин бүртгүүлсэн жин нь эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг гэж мэдээлжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-д 60, эмэгтэйчүүдийн 57 кг-д 45 жүдоч барилдах аж. Монголын тамирчдын өрсөлдөх жингүүдэд эрэгтэйчүүдийн 60 кг-д 32, эмэгтэйчүүдийн 52 кг-д 29, эмэгтэйчүүдийн -78 кг-д 27 жүдоч оролцоно.
Мөн Х.Цагаанбаатарын удирдлагад бэлтгэл хийж буй жүдочид Францын Парис хотод хамтарсан бэлтгэлд оролцоод, өнөөдөр Словенид хүрэлцэн ирсэн байна.





