2025 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн Бага тойруу орчимд ноцтой зам тээврийн осол гарлаа. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийн дагуу шалгахад, иргэн Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Toyota Sai маркийн автомашиныг жолоодож яваад урсгал сөрөн, Hyundai Aerocity маркийн нийтийн тээврийн автобустай мөргөлджээ.
Ослын улмаас автобусанд зорчиж явсан нэг хүн амиа алдаж, таван зорчигч гэмтсэн байна. Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа бөгөөд урьдчилсан мэдээллээр, согтуу жолоочийн буруутай үйлдэл ослын гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх, хориглосон нөхцөлд урсгал сөрөхгүй байх, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар ч нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон санууллаа. Энэ нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чухал гэдгийг анхааруулж байна.