17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Сохор болзооноос төрийн тэргүүний ханиа: Ким Хе Кюний амьдралын жүжиг мэт түүх

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч И Жэ Мюн Лхагва гарагт тангараг өргөснөөр таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа албан ёсоор эхлүүллээ. Түүнтэй хамт 59 настай гэргий Ким Хе Кюн улсынхаа шинэ тэргүүн хатагтай болж, олон нийтийн анхаарлын төвд дахин орж ирэв.

Ким Хе Кюний амьдралын замнал киноны зохиол мэт сонирхолтой. 1990 оны наймдугаар сард шинэхэн хуульч И Жэ Мюн нэг сарын дотор таван өөр бүсгүйтэй сохор болзоонд орж, гурав дахь болзоондоо уулзсан Ким Хе Кюнийг гэргийгээ болгохоор шийдсэн байдаг. Энэ шийдвэр нь зөвхөн гэр бүлийн амьдралаар хязгаарлагдсангүй – Ким улмаар нөхрийнхөө улс төрийн замналын үнэнч түшиг, хамгийн том дэмжигч болж хувирсан юм.

1966 онд Сөүл хотын эгэл жирийн айлд төрсөн Ким урлагт сонирхолтой охин байжээ. Сунхва Урлагийн ахлах сургууль, Сүмёны Эмэгтэйчүүдийн их сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр дүүргэж, Австрид үргэлжлүүлэн суралцахаар бэлтгэж байгаад хувь заяаны учрал болсон болзооны дараа ирээдүйгээ өөрөөр зураглажээ.

2000-аад онд И Жэ Мюнийг улс төрд анх хөл тавихад Ким энэ санаачлагыг нь эсэргүүцэж байсан гэдэг. Гэвч нөхөр нь Соннам хотын захирагчаар ажиллахдаа олон нийтийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч, иргэдийн дэмжлэгийг хүлээснээр Кимийн байр суурь өөрчлөгдөж эхэлсэн байна. 2017 онд И Жэ Мюнийг ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өрсөлдөхөд Ким хамтран оролцож, сурталчилгаанд нь идэвхтэй оролцсон билээ.

Гэвч түүний нэр хүнд улс төрийн дуулианд удаа дараа холбогдож байв. 2018 онд нөхрийнхөө өрсөлдөгчид болон зарим бүс нутгийг доромжилсон агуулгатай нийтлэл сошиал сүлжээнд оруулсныхаа төлөө олон нийтэд уучлал хүссэн. 2022 онд нөхрийнх нь удирдаж байсан Кёнги мужийн зээлийн картыг хувийн хэрэгцээндээ ашигласан гэх асуудал ч түүнийг сүүдэр мэт дагасан.

Эдгээр шүүмжлэлийн дараа Ким 2025 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцоогүй бөгөөд нам гүм байсаар ирсэн. Гэсэн ч түүнийг сонгуулийн хууль зөрчсөн хэргээр ял авсан тухай мэдээлэл өнгөрсөн онд нийтэд ил болсон юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа нөхөр нь сошиал хуудсандаа “Би бараг уйлдаггүй хүн. Гэхдээ эхнэрээ зүгээр л надаас болж гэмт хэрэгтэн болж байгааг хараад би тэсэхгүй нь… Хе Кюн, би чамд хайртай” хэмээн сэтгэл уярсан бичвэр нийтэлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн.

Одоо олон нийт Ким Хе Кюний оролцоотойгоор тэргүүн хатагтайн ажлын алба дахин байгуулагдах эсэхийг анхааралтай ажиглаж байна. Тус алба 5-10 ажилтантай бөгөөд тэргүүн хатагтайн албан ёсны хуваарь, ёслол хүндэтгэл, хувцаслалт зэрэг олон зүйлсийг хариуцдаг. Анх 1972 онд дарангуйлагч Пак Чун Хи энэ албыг байгуулж, улмаар улс төрийн нөхцөл байдалд тохируулан татан буулгаж, сэргээгдэж, дахин татан буугдаж ирсэн түүхтэй.

Шинэ ерөнхийлөгч И Жэ Мюн энэ албыг зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байгаа ч бүх үйл ажиллагааг ил тод, олон нийтэд нээлттэй байлгах ёстой хэмээн онцолж байна. Ким Хе Кюн улс төрийн тайзнаа дахин идэвхтэй оролцох эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох нь.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here