“Pew Research Center”-ийн 2025 оны шинэ тайланд АНУ-ын насанд хүрэгчдийн сошиал платформ ашиглалтын зураглалыг танилцуулжээ. Судалгаанд 5000 гаруй насанд хүрэгчид хамрагдсанаас тэдний 84 хувь нь “YouTube” тогтмол ашигладаг гэж хариулсан нь уг платформ одоогоор хэрэглээгээрээ тасархай тэргүүлж буйг харуулж байна.
YouTube: контентын төрөлжилт ба “ухаалаг” алгоритмын ялалт
Судлаачдын тайлбарласнаар YouTube-ийн ийм тогтвортой давамгай байдал нь нэг талаас видео контентын асар өргөн сонголттой, нөгөө талаас хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн контентыг санал болгодог алгоритмтай нь шууд холбоотой гэжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч бүр өөрийн “хувийн ТВ сувагтай” болчихсон мэт мэдрэмж авч байна.
Судалгаанд оролцогчдын 71 хувь нь “Facebook” ашигладаг гэж хариулсан нь түүнийг одоо ч хүчтэй тоглогч хэвээр байгааг харуулж байна. Харин “TikTok” залуусын дунд хүчтэй өсөлттэй байгаагаа баталжээ: 18–29 насныхны 37 хувь нь TikTok хэрэглэдэг бол 65-аас дээш насныхны дунд энэ үзүүлэлт ердөө 5 хувьтай гарсан байна. Ийнхүү насны ангиллаар харвал TikTok илүү залуу үеийг “татаж”, YouTube бүх насныхныг хамарсан гол платформ хэвээр байна.





