56 тэмцээн зохион байгуулж, 300 гаруй харваачийг улсын тэмцээнүүдэд оролцуулжээ
Монголын үндэсний харваачдын холбоо (МҮХХ)-ны 2025 оны шилдгээр Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбоо шалгарсан байна. Тус холбоо энэ онд аймаг, орон нутагтаа их, бага нийлээд нийт 56 тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.
Мөн МҮХХ-оос зохион байгуулсан бүх төрлийн тэмцээнд давхардсан тоогоор 300 гаруй харваачийг оролцуулсан байна. Улсын чанартай томоохон тэмцээн, уралдаанд гаргасан амжилтаас дурдвал:
- Улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгийн мэргэн, СМ Д.Баттуяа тэргүүн байр, аймгийн гарамгай харваач, СМ А.Анхбаяр 3-р байр, багийн нийлбэр дүнгээр 3-р байр
- Улсын их баяр наадамд Монгол Улсын мэргэн Л.Одсайхан дэд байр
- “Хүрээ цам–Даншиг наадам 2025”-д аймгийн гарамгай харваач, СМ А.Анхбаяр дэд байр, Монгол Улсын мэргэн Л.Одсайхан 9-р байр
Цол зэргийн хувьд 2025 онд аймгийн мэргэн 2, аймгийн гарамгай 3, аймгийн гоц болон аймгийн бусад цолтон 4, спортын мастер 12, спортын дэд мастер 6 шинээр төрөн гарсан байна.
“Мэргэн цом–2025” тэмцээн, өсвөрийн бэлтгэл, холбооны түүхэн замнал
Аймаг, орон нутагтаа зохион байгуулсан тэмцээнүүдийн хүрээнд үндэсний уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурын хөгжлийг дэмжих, мэргэн цолтой харваачдын ур чадвар, чансааг сорин уралдуулах зорилготой “Мэргэн цом–2025” тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тус тэмцээнд дархан мэргэн 3, даяар дуурсан 1, даяан мэргэн 6, улсын мэргэн 11, хүндэт мэргэн 1, төрийн наадмын нийт 40 түрүү харваач оролцжээ. Тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна.
Аймгийн Үндэсний сурын холбоо нь харваачдын тоог нэмэгдүүлэх, бэлтгэлийн нөхцөлийг сайжруулах, амжилтыг ахиулах чиглэлээр 13 сумын их сурын холбоодын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдаг гэж мэдээлэв. Өсвөрийн харваачдыг бэлтгэх зорилготой заалны болон гадна талбайн бэлтгэлийг Монгол Улсын мэргэн Л.Одсайхан удирдан явуулж байна.
Мөн 2024 оноос эхлэн аймгийн харваачдын чансаа, улсын тэмцээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуунтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.
Түүхийн хувьд Сүхбаатар аймгийн үндэсний сурын холбоо 1976 оны баяр наадмаар нум сум харвуулж анхны гараагаа эхэлсэн бөгөөд тухайн үед М.Пүрэв, Гомбо, Н.Батбилэг, Н.Гомбожав, Улаанхүү, Н.Нямсүрэн, Ц.Цэрэндулам нарын тэргүүтэй харваачид үндэсний сурын товчоог байгуулж, бэлтгэл сургуулилтаа эхлүүлснээр холбоо үүссэн гэж дурджээ. Үүнээс хойш 1992-1994 онд Ц.Дамдинсүрэн, 1994-2017 онуудад Ц.Мөнхбаяр, 2017-2018 онд Д.Ганзориг, 2018 оноос Э.Сансартайван тэргүүнээр ажиллаж байна.





