Чартуудын оргилд удаан тогтсон шинэ дуу олны анхаарлыг татав
“The Fate of Ophelia” дуугаараа олны анхаарлыг төвлөрүүлж, хөгжмийн чартуудыг тэргүүлж буй Taylor Swift-ийн тухай мэдээлэл хүчтэй тархаж байна. Шинэ уран бүтээл нь олон платформ дээр тасралтгүй яригдаж, дуучны нэр хүндийг дахин нэг удаа өргөсөн сэдэв болжээ.
Хүүхэд наснаасаа тайз руу тэмүүлсэн замнал
Америкийн дуучин Taylor Swift 1989 оны хоёрдугаар сарын 13-нд Пеннсилвани мужид Scott Swift, Andrea Swift нарын том охин болон төрсөн. Багаасаа жүжиг, дууны дугуйланд сууж, есөн настайгаасаа дуурийн театрт дуулж эхэлсэн гэдэг. 11 настайдаа хөгжмийн студид шалгуулсан ч тэнцээгүй ч зорилгоосоо ухраагүй. Тэр гитар тоглож сурч, өөрийн дуугаа бичиж эхэлснээр уран бүтээлийнхээ суурийг тавьсан бөгөөд дуу болгоноо амьдралынхаа мэдрэмж, дурсамжаас сэдэвлэн бүтээдгээрээ танигдсан юм.
2008 оны “Fearless” цомог амжилтын эхлэлийг тавив
Уран бүтээлийн зам нь үргэлжилсээр 19 настайд нь, 2008 онд “Fearless” цомогт багтсан “You belong with me”, “Love story” зэрэг дуунууд хит болж, алдар нэрийнх нь эхний том давалгааг үүсгэсэн. Түүнээс хойш Swift-ийн нэр поп хөгжмийн гол урсгалд тогтвортой байр суурь эзлэх болсон билээ.
“The Fate of Ophelia” Billboard Hot chart-ийн оргилд рекорд тогтоов
Сүүлд гаргасан “The Fate of Ophelia” нь Billboard Hot chart-ийн шилдэг 100 дууны жагсаалтад хэдэн долоо хоног дараалан нэгдүгээр байрт бичигдсэн амжилтаар бусад уран бүтээлчдийн рекордыг эвдсэн гэж мэдээлэгдэж байна. Энэ амжилт нь дууг зөвхөн хит болгосноор зогсохгүй, дэлхийн хөгжмийн зах зээлд Swift-ийн нөлөөг дахин нэг удаа тодотгожээ.
Дууны утга, Ophelia дүрийн шинэ тайлбар сошиалд “амьдарч” байна
“The Fate of Ophelia”-гийн гол санаа нь хайр үгүй үед хүн ганцаардал, гутрал, сэтгэл зүйн хямралд автсан ч жинхэнэ хайр түүнийг аварч чадна гэсэн утгыг илэрхийлдэг. Фенүүд дууны үгийг романтик хэрнээ зүрх зүсэм, эмзэг атлаа хүчтэй гэж тодорхойлж, Tik Tok, Instagram, X (Twitter) дээр хэсэгчилсэн клип, ишлэлүүд нь өргөн тархаж байна. Сонгодог уран зохиолын хамгийн эмгэнэлт дүрүүдийн нэг болох Shakespeare-ийн Ophelia-г орчин үеийн поп ертөнцөд авчирч, энэ удаад түүнийг гунигт төгсгөлтэй биш, харин хайраар аврагдсан хүчирхэг эмэгтэйгээр дүрсэлсэн нь олон хүний ярианы төвд оржээ.
2025 оны аравдугаар сараас хойших хамгийн их яригдсан бүтээл болж чадсан нь
Ингэснээр “The Fate of Ophelia” нь зүгээр нэг хит дууны хэмжээнд үлдэлгүй, 2025 оны аравдугаар сараас хойш хамгийн их хэлэлцэгдсэн уран бүтээлүүдийн нэг болж чадсан гэж онцолж байна.





