Машин, улсын дугаарын шилжилт хөдөлгөөнийг бүрэн онлайн болголоо
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг одоо бүрэн цахимаар хийх боломжтой болж байна. E-Mongolia системээр дамжуулан иргэд 5–10 минутын дотор хүсэлтээ илгээн, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгийнхаа тусламжтайгаар авах нөхцөл бүрджээ.
Үүнээс гадна тээврийн хэрэгслийн улсын дугаарыг онлайнаар урьдчилан захиалах, хадгалуулах үйлчилгээг мөн бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
Өмнөх төвөгтэй шат дамжлагыг халж, иргэдийн цаг, зардлыг хэмнэнэ
Өмнө нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, эзэмшигчийн нэр солихын тулд иргэд заавал худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, дараа нь Авто тээврийн үндэсний төвийн салбар нэгжид биечлэн очиж үйлчилгээ авах шаардлагатай байдаг байв.
Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд энэ төрлийн үйлчилгээг 32 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авдаг бөгөөд өдөрт 1,257 иргэнд нийт 63 албан хаагч үйлчилдэг байсан нь төрийн үйлчилгээ авахад ихээхэн хугацаа, ачаалал шаарддаг байсныг харуулж байна.
Шинэ цахим шийдлийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээ илүү нээлттэй, хүртээмжтэй, хурдтай болж, иргэдийн цаг хугацаа, шат дамжлага, зардлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой гэж үзэж байна. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргааныг цөөлөх, мэдээллийг илүү тодорхой болгох чухал алхам гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарынхан дүгнэжээ.





