Европын сансрын агентлагийн (ESA) инженер Михаэла Бентаус Америкийн “Blue Origin” компанийн богино хугацааны сансрын нислэгийн багт сонгогдон оролцсоноор энэ салбарын нэгэн онцлох тохиолдол болж байна. Тэрбээр 2025 оны 12 дугаар сарын 20-нд “New Shepard” хөлгөөр 11 минут нисэж, хөгжлийн бэрхшээлтэй хүн сансарт нисэх боломж бодитоор байгааг харуулсан жишээ боллоо.
Осол, бэлтгэл, нислэгийн багийн бүрэлдэхүүн
Михаэла Бентаус 2018 онд унадаг дугуйн осолд орсноос хойш тэргэнцэр ашигладаг болсон байна. Гэсэн ч тэр 2022 онд “AstroAccess” төслийн хүрээнд параболик нислэгээр жингүйдлийн нөхцөлд сургуулилалт хийж, нислэгийн бэлтгэлийн чухал үе шатыг давжээ. Тус төсөлд таван орны хараа, сонсголын бэрхшээлтэй болон саажилттай зэрэг нийт 14 хүн оролцсон байна.
33 настай, Германы Киль хотын иргэн тэрбээр хүүхэд байхдаа “Оддын дайн” киног үзсэнээр сансар огторгуйн тухай сонирхож эхэлсэн гэдэг. Нислэгийн дараа тэр “Мөрөөдөл биелэх боломж үргэлж байдаг. Та бүхэн мөрөөдлөө орхиж болохгүй” хэмээн хэлжээ.
“NS-37” нислэгийн багт Михаэла Бентаусаас гадна Германы сансрын инженер Ханс Кенигсманн зэрэг нийт таван хүн багтсан байна. Энэ нь Америкийн тэрбумтан Жефф Безосын эзэмшдэг сансрын аялал жуулчлалын компанийн 16 дахь нислэг бөгөөд компанийн мэдээлснээр сүүлийн хэдэн жилд Америкийн чинээлэг 86 хүн “сансрын экспресс” нислэгт оролцсон гэжээ.
“New Shepard” нислэгийн статустай холбоотой маргаан
Зарим байр сууринаас “New Shepard”-ын нислэгийг жинхэнэ утгаараа сансрын нислэг гэж үзэхгүй байх маргаан гардаг. Учир нь уг хөлөг дэлхийн тойрог замд бүрэн ордоггүй, суборбитал өндөрлөгт хүрдэгтэй холбоотой гэж тайлбарладаг. Тодруулбал, Олон улсын нисэх хүчний холбооны баталсан сансрын нислэгийн босго болох 100 км-ийн “Карманы шугам”-тай холбон хэлэлцдэг байна.
Мөн 2021 он хүртэл тойрог замын аялал жуулчлалын нислэгт оролцогчдыг сансрын нисгэгч гэж үзэх хандлага байсан бол АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа дөрвөн жилийн өмнө шинэ дүрэм баталж, “Сансрын нисэгч нь нислэгийг гүйцэтгэсэн компанийн ажилтан байх ёстой. Сансарт нисэхийн тулд мөнгө төлдөг сансрын жуулчид энэ статусыг авах эрхгүй” хэмээн заасан гэж мэдээллээ.






Сансрын аялал улам ойртож байгаа нь сонирхолтой