18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Тэсрэх эрсдэл нэмэгдэв: Израиль, Иран харилцан агаараас цохилт өгсөөр байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Баасан гарагийн шөнө Израиль улс Ираны цэргийн болон цөмийн байгууламжуудад агаараас цохилт өгсөн нь Ойрх Дорнодын нөхцөл байдлыг ноцтой хурцатгалаа. Хариу болгож Иран шөнө дунд Израилийн хотуудад баллистик пуужин харвав. Төд удалгүй, Бямба гарагийн орой талууд дахин харилцан агаараас довтолгоо хийж, бүс нутгийг бүхэлд нь шинэ дайнд түлхэх аюул нүүрлээд байна.

АНУ-ын эрх баригчид Израилийг цохилтоо зогсоохыг уриалж, үүний ганц гарц бол Иран цөмийн хэлэлцээрээ сэргээх явдал хэмээн мэдэгджээ. Гэвч Иран энэ Ням гарагт АНУ-тай Оман улсад хийхээр төлөвлөсөн хэлэлцээрээ цуцалснаа албан ёсоор зарласан байна.

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху: “Ойрын өдрүүдэд өрнөж буй цохилтууд бол Иранд хийх манай ажиллагааны зөвхөн эхлэл” хэмээн анхааруулжээ.

Ираны төв телевизээр мэдээлснээр, Бямба гарагийн үдээс хойш Иран Израилийн нутаг дэвсгэрт пуужин, дрон ашиглан довтолжээ. Израилийн эх сурвалжуудын мэдээлснээр, тус улсын хойд бүсийн Хайфа хотод хоёр давхар байшин пуужинд оногдож, нэг эмэгтэй амиа алдан, 13 хүн шархадсан байна. Харин Иранд, Тегеран хот дахь Шахран газрын тосны агуулах Израилийн агаараас өгсөн цохилтын бай болжээ.

Түүнчлэн дэлхийн хамгийн том байгалийн хийн ордуудын нэг болох Ираны өмнөд Парс муж дахь талбайд Израилийн довтолгооны үеэр гал гарч, олборлолтыг хэсэгчлэн зогсооход хүрсэн байна. Израилийн эхний довтолгоо хийн салбарыг онилоогүй ч, хоёр дахь ээлжийн цохилт энэ салбарыг чиглэсэн нь дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийн тасалдлын айдсыг нэмэгдүүлж, газрын тосны үнийг 9 хувиар өсгөжээ.

Иран ч бас хариу алхам авахаар бэлтгэж, Персийн булангаар дамждаг газрын тос тээвэрлэлтийн гол гарц болох Ормузын хоолойг хаах асуудлыг хэлэлцэж эхэлсэн талаар өчигдөр мэдээлэл цацагдав.

Израилийн эхний цохилтын үеэр Иранд 78 хүн амиа алдаж, хоёр дахь өдөр энэ тоо 60-д хүрсэн байна. Үүний 29 нь Тегераны 14 давхар байшингийн нурсан хэсэгт амь эрсэдсэн хүүхдүүд байсан тухай албаныхан мэдэгджээ. Израилийн талд Ираны агаарын довтолгооны улмаас хамгийн багадаа гурван хүний амь хохирсон байна.

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэ ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжилж болзошгүйг сануулж, Ираны ард иргэдийг Исламын дэглэмийн эсрэг босохыг уриалсан байна.

Ираны эрх баригчид Израилийн холбоотон орнуудын Ойрх Дорнод дахь цэргийн баазуудад ч довтлох магадлалтайгаа илэрхийлжээ.

Сүүлийн 20 гаруй сарын хугацаанд Израилийн арми Ираны холбоотон зэвсэгт бүлэглэлүүд болох Газын зурвас дахь Хамас болон Ливаны Хезболла зэрэгт их хэмжээний хохирол учруулсан. Ийм нөхцөлд Иранд анх довтолсон нь хариу цохилтыг саармагжуулах стратегийн алхам байж магадгүй гэж зарим ажиглагчид үзэж байна.

Израиль улс Ираны цөмийн хөтөлбөрийг өөрийн аюулгүй байдалд шууд заналхийлэл гэж үздэг. Иймээс Тегеран цөмийн зэвсэгтэй болохоос өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор энэ ажиллагааг эхлүүлсэн бололтой. Харин Иран цөмийн хөтөлбөрөө иргэний зориулалттай гэж мэдэгдсээр байгаа ч НҮБ-ын шинжээчид уг хөтөлбөр зэвсэгжих түвшинд улам ойртож байгааг анхааруулсаар байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here