Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өндөр хэмнэлтэйгээр үргэлжилж байна. 1.2 сая ам.долларын шагналын сантай энэ томоохон мэйжорт Монголын “The MongolZ” баг гуравдугаар шатнаас урилгаар оролцож, дахин түүхэн амжилт бүтээлээ.
G2 Esports-ийг хожиж, шөвгийн наймд дахин хүч үзнэ
Өнгөрсөн шөнө “The MongolZ” гуравдугаар шатны дөрөв дэх тойрогт Европын шилдэг бүрэлдэхүүнүүдийн нэг болох “G2 Esports” багтай Bo3 буюу гурван газрын зурагт тоглолтоор хүч үзлээ. Манай баг хоёр map дараалан илт давуу тоглож, цувралыг 2:0 харьцаатай хаасан нь тэдний сүүлийн хоёр жилийн тоглолтын өсөлт, тогтвортой байдлыг тод харуулсан мөч байв.
Үүний үр дүнд “The MongolZ” баг StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs буюу шөвгийн наймд 3 хожил, 1 хожигдолтой, тавдугаар байраар шалгарч, дэлхийн аваргын хасагдах шатанд дахин өрсөлдөх эрхээ авлаа.
CS2-ийн түүхэнд бичигдэх Азийн амжилт
Энэхүү амжилтын хамгийн онцгой хэсэг нь “The MongolZ” зөвхөн дахин Playoffs-д шалгарснаараа бус, CS2-ийн гурван дэлхийн аваргад дараалан шөвгийн наймд үлдсэн Ази тивийн анхны баг болж түүхэнд бичигдэж байгаа явдал юм.
Сүүлийн гурван дэлхийн аваргын замналыг эргээд харвал:
- 2024 оны 12 сар – Хятадын Шанхай хотод болсон дэлхийн аваргад анх удаа Playoffs шатанд шалгарч, Германы “MOUZ” багт ялагдсанаар 5–8 дугаар байрт шалгарсан.
- 2025 оны 6 сар – АНУ-ын Остин хотод зохиогдсон дэлхийн аваргад аваргын тоглолтод хүрч, Францын “Team Vitality”-д хожигдон дэд байр эзэлсэн.
- 2025 он, Будапешт – StarLadder Budapest Major-2025 дээр дахин шөвгийн наймд шалгарч, гурван дараалсан дэлхийн аваргад Playoffs-д үлдсэн түүхэн рекорд байгууллаа.
Ингэснээр “The MongolZ” зөвхөн Монголын киберспортын нүүр царайгаас гадна Ази тивийн CS2-ийн хамгийн тогтвортой, аюултай багуудын нэг гэдгээ хүчтэй баталж байна.
Шөвгийн наймын дүр зураг
StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатны тоглолтууд арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэх хуваарьтай. Одоогийн байдлаар шөвгийн наймд дараах таван багийн нэр тодроод байна:
- Бразилын “FURIA”
- ОХУ-ын “Team Spirit”
- Францын “Team Vitality”
- Германы “MOUZ”
- Монголын “The MongolZ”
Үлдсэн гурван эрхийн эзэн удахгүй тодорхой болох бөгөөд Будапештийн тайзнаа дэлхийн шилдэг найман баг мэйжорын аваргын төлөө халз тулах мөч ойртож байна. Харин “The MongolZ” багийн хувьд энэ удаагийн Playoffs нь өнгөрсөн жилийн дэд байрын дараах “илүү том алхам”-ыг хийх том боломж болон ирж байна.





