Казахстан улсын Астана хотноо зохиогдож буй цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын хамгийн өндөр чансаатай тэмцээн болох PGL Astana 2025-ийн хасагдах шатны шилдэг найман багийн тоглолтууд өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээний шөвгийн наймд Монгол Улсын The MongolZ баг Туркийн Aurora Gaming багтай тулгарч, best of 3 буюу гурван map-аар ялагчийг тодруулах форматаар тоглосон ч хоёр тоглолт дараалан хожигдож, тэмцээнээ дуусгалаа.
The MongolZ баг эхний тоглолтонд өөрсдийн сонгосон Mirage map дээр өрсөлдсөн бөгөөд довтлох талаас эхэлж тоглоод, дөрвөн үеийн дараа хамгаалах байрлалд шилжсэн ч ердөө нэг л үе авч чадсан тул 5:13 гэсэн харьцаагаар хожигдов. Харин хоёр дахь тоглолтонд Aurora Gaming багийн сонгосон Anubis map дээр илүү өрсөлдөөнтэй, нэмэлт үе хүртэл сунгаж чадсан ч 14:16 харьцаатай ялагдал хүлээсэн юм.
Ингэснээр The MongolZ баг PGL Astana 2025 тэмцээний 5-8 дугаар байрт шалгарч, нийт 62,500 ам.долларын шагнал хүртсэн бөгөөд энэ шагналын сангийн тал хувийг багийн тоглогчдод, үлдсэн талыг багийн арын алба, менежментэд хуваарилах юм байна.
Хэдийгээр манай баг энэ удаа тэмцээнээ ийнхүү өндөрлүүлсэн ч ирэх долоо хоногт буюу Даваа гарагт АНУ-ын Даллас хотод эхлэх Intel Extreme Masters Dallas 2025 тэмцээнд үргэлжлүүлэн оролцох хуваарьтай байгаа. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж, финалын шат руу өрсөлдөх эрхээ булаалдах юм.