Цахим спортын Counter-Strike 2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “ESL Pro League Season 23” тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд өнгөрсөн шөнө өндөрлөж, хоёрдугаар шатанд өрсөлдөх багууд тодорлоо.
Олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ баг дэлхийн чансааны оноогоор хоёрдугаар шатанд шууд уригдан оролцож байна. Тэд эхний тойрогт Бразилын paiN Gaming багтай өнөө шөнийн 23:30 цагт тоглохоор хуваарь гарчээ. paiN Gaming баг тэмцээний нэгдүгээр шатыг гурван хожил, нэг хожигдолтой дуусгасан байна.
Эдгээр хоёр баг өмнө нь нийт зургаан удаа таарахад The MongolZ таван удаа хожиж байжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн сард болсон PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хэсгийн шатанд таарахад The MongolZ өрсөлдөгчөө буулган авсан байна.
“ESL Pro League Season 23” тэмцээн үндсэндээ гурван шаттай. Нэгдүгээр болон хоёрдугаар шатанд тус бүр 16 баг тойргийн журмаар тоглож, хоёрдугаар шатанд гурван хожил авсан найман баг плей-офф буюу шөвгийн наймд шалгарна. Түрүүлсэн баг 250,000 ам.долларын шагнал хүртэх бөгөөд дэд байр 155,000 ам.доллар, гуравдугаар байр 110,000 ам.долларын шагналтай гэж зохион байгуулагчид мэдээлжээ.





