Гар утасны босоо дэлгэцэд зориулагдсан мини цувралын платформ
TikTok богино хэмжээний видеоноос цаашлан драмын зах зээлд албан ёсоор орж ирлээ. Компани гар утаснаас шууд үзэхэд зориулагдсан, минут орчим үргэлжлэх мини цувралуудын тусдаа платформ болох PineDrama аппликейшнийг танилцуулсан талаар Business Insider мэдээлэв.
Одоогоор PineDrama нь АНУ болон Бразилын хэрэглэгчдэд нээлттэй байгаа бөгөөд цаашид бусад бүс нутаг руу өргөжүүлэхийг компанийн зүгээс үгүйсгээгүй байна. TikTok-ийн үндсэн апп-аас тусгаарласан энэ үйлчилгээ нь зөвхөн босоо хэлбэрийн, үргэлжилсэн үйл явдалтай цуврал драмд төвлөрч байгаагаараа онцлог юм.
Контентын бүтэц нь богино, хурдтай хэмнэлтэйгээр төлөвлөгдсөн. Нэг анги ойролцоогоор нэг минут үргэлжилж, үйл явдал тасралтгүй өрнөх дараалсан үзэгдлүүдийн хэлбэрээр хэрэглэгчдэд хүрнэ. Ингэснээр үзэгчид TikTok маягийн хурдан хэрэглээ, сериалын хэлбэртэй өгүүлэмжийг нэг дор авах боломжтой болж байна.
Жанрын өргөн сонголт, хэрэглэгчиддээ ойр функцүүд
PineDrama-ийн сан хөмрөгт триллер, романтик түүх, гэр бүлийн драм зэрэг олон төрлийн жанрууд багтаж байна. Аль хэдийн үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн төслүүдийн дунд “Love at First Bite” буюу “Анхны хазалт дахь хайр”, “The Officer Fell Because of Me” буюу “Офицер надаас болж унасан” зэрэг нэртэй бүтээлүүд оржээ.
Аппликейшний боломжууд нь TikTok-ийн хэрэглэгчийн туршлагыг цувралын форматад тохируулсан хэлбэртэй байна. Хэрэглэгч:
- Видео бүрийг Дуртайд хадгалах
- Үзэлтийн түүх хэсгээр дамжуулан өмнө үзсэн түүхүүдээ эргэн харах
- Анги бүр дээр сэтгэгдэл үлдээх
- Тайлбар, хажуугийн самбаргүй цэвэр контент харах бүтэн дэлгэцийн горимд шилжих
зэрэг үндсэн боломжийг ашиглаж болно. Ингэснээр нэг минутын хэмжээтэй ч цувралын орчин, дүрүүдтэй урт хугацаанд “хамт амьдрах” туршлагыг гар утсанд бүрдүүлэхийг зорьж байгаа нь харагдана.

Зар сурталчилгаагүй туршилтын үе ба AI санал болголт
PineDrama одоогоор iOS болон Android платформ дээр үнэгүй татан авах боломжтой бөгөөд хамгийн анхаарал татсан нэг зүйл нь одоогоор огт зар сурталчилгаагүй явж буй явдал юм. Энэ нь эхний шатанд хэрэглэгч татах, хэрэглээний зан үйлийг ойлгох, үзэлтийн хэв маягийг цуглуулах зорилготой туршилтын үе шат гэж дүгнэгдэж байна.
Контентын навигаци нь тусдаа Discover таб дээр төвлөрсөн. Энэ хэсэгт бүх драма, трэнд болсон, хамгийн их үзэлттэй цувралуудыг нэг дор харуулна. Мөн TikTok-ийн гол давуу тал болсон алгоритмын суурь PineDrama-д ч үргэлжилж байгаа бөгөөд хэрэглэгчийн сонирхол, үзэлтийн хэв маягт үндэслэн хувийн санал болгох тэжээл үүсгэнэ.
Ингэснээр хэрэглэгч богино хугацаанд өөрийн дуртай жанр, түүхийн хэмнэл, дүрүүдийг автоматаар олж, нэг минутын ангиудыг цувруулан “залгиж” үзэх боломжтой болж байна. TikTok богино видеоноос цааш, босоо дэлгэцийн драмын шинэ зах зээлийг нээхээр шулуудсаны тод жишээ нь PineDrama болж байна.





