Рок-н-роллын хатан хаан Тина Тернер 1988 онд Бразилийн Рио де Жанеро хотод тоглож, тоглолтыг 188 мянган хүн үзэж байсан юм. Энэ тоглолт нь Гиннесийн номонд бичигдэж, бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй амьд тоглолт болсон гэж тооцогдсон.
Гэсэн хэдий ч, 37 жилийн дараа Леди Гага Рио де Жанеро хотод үнэгүй тоглолт зохион байгуулж, үзэгчдийн тоо 2.1 саяд хүрсэн байна. Энэ амжилт нь Тина Тернерийн 1988 оны тоглолтын амжилтыг эвдэж, шинэ түүх бүтээжээ.
Өнгөрсөн бямба гарагт буюу 2025 оны 5-р сарын 3-нд болсон тоглолт нь Леди Гагагийн “Coachella” наадамд үзүүлсэн шоуных нь дараагийн шат байсан юм. Coachella-гийн дараа Гага уг тоглолтоо Мексикт зохион байгуулсны дараа Рио де Жанеро хотод хийгдсэн. Тэрбээр тайзан дээрээ Леонардо да Винчигийн уран бүтээлээс санаа авч, дуурийн театр босгоод, дөрвөн үзэгдэл бүхий хүчирхэг шоу үзүүлж, бүх хөгжим судлаачид болон хөгжмийн нийтлэлчдээс таван одоор үнэлүүлсэн байна.
Ташрамд дурдахад, энэ онд Леди Гага “Mayhem” хэмээх шинэ цомгоо гаргасан бөгөөд энэхүү цомог нь амжилтаараа тэргүүлсээр байна. “Mayhem” цомог нь шинэлэг, хүчирхэг концепцийг сонсогчид болон үзэгчдэд хүргэж, олон хүнтэй холбогдож байгаа аж.