-16.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 9, 2025

“Төгрөг-100 жил” ойн маркийг нано технологитойгоор хэвлэн худалдаанд гаргалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголбанк “Монгол шуудан” ХК-тай хамтран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тэмдэглэн “Төгрөг-100 жил” нэртэй тусгай маркийг өнөөдөр /2025.12.09/ олон нийтэд худалдаалж эхэллээ. Ингэснээр төгрөгийн зууны түүхийг мөнгөний аюулгүй байдал, орчин үеийн технологи, соёлын өвтэй хослуулсан бэлгэдэлт бүтээгдэхүүнээр тэмдэглэж байна.

Шинэ марк бүтээхдээ нано-фольго болон өндөр нарийвчлалтай хамгаалалтын шийдлүүдийг ашиглаж, нийт тав төрлийн тусгай хамгаалалтын элемент шингээжээ. Эдгээр нь анхдагч төгрөгийн загвар, өнөөгийн гүйлгээнд буй мөнгөн дэвсгэртүүдийн дүрслэл, түүхэн бэлгэдэл, үл үзэгдэх флюресцент технологи, микро товгор дармал зэрэг элементүүдийг нэг цогц бүтээлд нэгтгэсэн нь онцлог юм.

Маркын хамгийн нүдэнд тусах хэсгүүдийн нэг нь одоо ашиглагдаж буй өндөр дүнтэй дэвсгэртүүд дээрх Их эзэн Чингис хааны хөргийг 22 каратын алтаар товгор дармал хэлбэрээр дүрсэлсэн явдал. Энэ технологи нь алтан ялтсыг халуун даралтаар суурь материал дээр нааж, гурван хэмжээст, тод рельеф үүсгэдэг бөгөөд дэлхийн дэвшилтэт мөнгөн тэмдэгтийн хамгаалалтад ашиглагддаг өндөр зэрэглэлийн шийдлийг маркийн түвшинд нэвтрүүлжээ.

Мөн Монголбанкнаас 1925 оны 12 дугаар сарын 9-нд гүйлгээнд гаргасан цагаан мөнгөн “Нэг төгрөг” зоосыг бэлгэдсэн мөнгөн нано загварын марк бүтээсэн байна. Энэ загварт хэт нарийн ширхэгтэй мөнгөн тоосонцор, нано-инженерийн аргачлалаар боловсруулсан металлын гялбаа, мөнгөлөг тугалган цаасыг товойлгон хэвлэх технологийг ашиглаж, сайжруулсан оптик эффект бий болгожээ. Ийм төрлийн технологиор банкнотын хамгаалалтын холограм, толин тусгал бүхий элементийг дэлхий даяар үйлдвэрлэдэг.

Шинэ загварын 1 төгрөгийн дэвсгэрт дээр байдаг арслангийн дүрслэлийг нарийн бичилттэй товгор марк болгон урласан нь мөн тусгай хамгаалалтын нэг хэсэг юм. Энэ технологи нь микро түвшинд хээ, бичил текст үүсгэх чадвартай тул хуурамч үйлдвэрлэлээс сэргийлэх өндөр нарийвчлалтай хамгаалалтын элемент болж өгдөг. Арслан нь монголчуудын төрт ёсны бэлгэдэл, “дөрвөн хүчтэн”-ий нэгийн хувьд эд хөрөнгө, үнэт зүйлээ хамгаална гэсэн утгатай бөгөөд 1925 онд гүйлгээнд гаргасан долоон төрлийн бүх цаасан мөнгөн тэмдэгтэд арслангийн дүрийг Монголбанк тусгасан нь уламжлалт хамгааллын бэлгэдлийг сануулж байна.

Марк дээр мөн “Ардын хувьсгалын анхны долоо”-гийн нэг, жанжин Д.Сүхбаатарын хөргийг үл үзэгдэгч хөх флюресцент бэхээр нууцлан дүрсэлжээ. Энгийн гэрэлд үл мэдэгдэм энэ дүрслэл нь UV гэрэлд тусгахад тод гарч ирдэг ба ихэвчлэн мөнгөн дэвсгэрт дээр хуурамч үйлдлээс хамгаалах зорилгоор ашиглагддаг хамгаалалтын технологийг марканд шингээсэн жишээ болж байна. Түүнчлэн Монголбанкны түүхэн барилга, “Төгрөг–100” лого, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон дүрслэлүүд дээр микро товгор дармал ашиглаж, уйгуржин, кирилл, латин бичгийг хослуулан үндэсний өв, соёл, түүхийг загварт нь шингээжээ.

Ардын Засгийн газар 1924 оны 6 дугаар сарын 2-нд Зөвлөлттэй хамтарсан Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банкийг байгуулсан нь үндэсний мөнгөн тэмдэгттэй болох суурийг тавьсан түүхтэй. Улмаар 1925 оны 2 дугаар сарын 22-нд гаргасан тогтоолоор тус банканд “ТӨГРӨГ” нэртэй үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрхийг олгож, 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр анхны төгрөг албан ёсоор гүйлгээнд орсноор Монголын мөнгөний түүхийн шинэ бүлэг нээгдсэн юм. Тэр цагаас хойш төгрөгийн 100 жилийн түүхийг монголчууд хамтдаа бүтээж ирснийг энэхүү ойн марк бэлгэдэн харуулж байна.

“Төгрөг-100 жил” ойн маркийг сонирхогч иргэд, цуглуулагчид, судлаачид Монголбанкны www.mongolbank.mn цахим хуудаснаас захиалан худалдан авах боломжтой. Ингэснээр үндэсний мөнгөн тэмдэгтийн түүх, дэвшилтэт хамгаалалтын технологийг нэгэн зэрэг агуулсан өвөрмөц бүтээгдэхүүн гэр бүлийн, хувь хүний цуглуулгад үнэ цэнтэй нэмэр болох юм.

“Төгрөг-100 жил” марк нь 22 каратын алт, нано-мөнгөн технологи, үл үзэгдэгч флюресцент бэх, микро товгор дармал, түүхэн дүрслэл бүхий дээд зэрэглэлийн хамгаалалттай цуглуулгын бүтээгдэхүүн юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here