Дэлхийн анхаарлын төвд үргэлж байдаг хоёр эрхмийг, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнесийн салбарын магнат Элон Маск нарыг саяхныг хүртэл найрсаг харилцаатай хэмээн олон нийт хүлээн зөвшөөрч байсан. Гэвч энэ нөхөрлөл хэдхэн хоногийн дотор ширүүн маргаанд хүрч, улмаар олон нийтийн өмнө илт сөргөлдөхөд хүрчээ.
Өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргааны шинээр байгуулсан Засгийн газрын бүтээмжийн департаментын тэргүүний албан тушаалаас Элон Маск өөрийн хүсэлтээр огцорсон. Үүний дараахан тэрбээр Трампын дэмжиж буй татварын хөнгөлөлт бүхий төсвийн тухай хуулийг цахим орчинд хүчтэй шүүмжилж, зарим тохиолдолд илт доромжилсон байдлаар байр сууриа илэрхийлсэн нь Ерөнхийлөгчийн бухимдлыг төрүүлжээ.
Дональд Трамп энэ тухай Пүрэв гарагт Цагаан ордны Зууван танхимд ХБНГУ-ын Канцлер Ф.Мерцтэй уулзах үеэрээ дурдан, Маскын үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Харин Элон Маск өөрийн “Х” платформд Трамп руу чиглэсэн хэд хэдэн шүүмжлэлтэй нийтлэл нийтэлж, улмаар түүнийг импичмент зарлаж огцруулах ёстой хэмээн бичсэн нь маргааныг улам дэвэргэв.
Трамп ч мөн хариу барьж, Элон Маскын компаниудтай байгуулсан Засгийн газрын гэрээ, гэрээнүүдийг цуцална хэмээн сүрдүүлсэн бөгөөд түүнийг “галзуурсан” тул төрийн ажилд цаашид оролцохгүй байхыг шаардаж буйгаа илэрхийлжээ.
Маск хариуд нь SpaceX компанийн сансрын хөлгийг АНУ-ын сансрын нисгэгчдэд ашиглуулах ажлыг зогсооно хэмээн мэдэгдсэн ч дараа нь энэ мэдэгдлээсээ татгалзсан байна.
Ийнхүү хоёр талын цахим сүлжээ дэх нээлттэй сөргөлдөөн өрнөхийн зэрэгцээ Tesla компанийн хувьцааны ханш 14 хувиар огцом унаж, бизнесийн салбарт ч шууд нөлөө үзүүлэв.