АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хүчтэй, бүдүүлэг үгээр шүүмжилж, Украинд нэмэлт зэр зэвсэг илгээх болсноо зарлалаа. Цагаан ордонд болсон Засгийн газрын хуралдааны үеэр тэрбээр Путинд итгэл алдарснаа илэрхийлж, “Үнэнийг хэлэхэд Путин биднийг маш их новшийн үгсээр хуурсан. Тэр үргэлж сайхан ярьдаг ч энэ нь ямар ч утга учиргүй зүйл болж таарсан” хэмээн хэлжээ. Ингэхдээ тэр англи хэлний “bullshit” гэх бүдүүлэг үгийг ил тод хэрэглэсэн байна.
Түүнээс ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах Сенатын хуулийн төслийг сонирхож байгаа эсэхийг сэтгүүлч асуухад “Би үүнийг маш нухацтай анхаарч байгаа” хэмээн хариулсан байна.
Трамп мэдэгдэлдээ “Путин хүн төрөлхтний эсрэг зүйл хийж байна. Тэр хэтэрхий олон хүнийг алж байна. Тиймээс би хамгаалалтын зарим зэвсэг илгээх шийдвэр гаргалаа” гэж онцолсон байна.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, Трамп Украинд 10 ширхэг Патриот агаарын довтолгооноос хамгаалах систем илгээх шийдвэрийг нэн даруй гаргасан бөгөөд энэ нь Оросын пуужингийн цохилтоос хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.
Мөн тэрээр АНУ-ын батлан хамгаалах салбарын гэрээт үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх үүрэг өгсөн байна. Тэрбээр Батлан хамгаалахын сайд Пит Хэгсэтэд хандан “Бид тэднийг шахах ёстой, Пит. Тэд илүү хурдтай ажиллах ёстой” хэмээн хатуу байр суурь илэрхийлжээ.
Трампын мэдэгдлийн дараа Оросын тал хариу өгсөн бөгөөд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ийм үйлдэл нь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх хүчин чармайлттай нийцэхгүй нь ойлгомжтой” гэж мэдэгдсэн байна.