17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсны дараа Хятад улсад айлчлахаа зарлалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт утсаар ярьж, хоёр улсын худалдааны маргаан, зөрчлийн талаар анх удаа илэн далангүй ярилцсан байна. Цаг гаруй үргэлжилсэн уг яриа “маш эерэг үр дүнд хүрсэн” гэж Трамп мэдэгдсэн бөгөөд энэ ярианы дараагаар тэрбээр Хятад улсад албан ёсоор айлчлахаа зарлалаа.

Трампын хэлснээр, Ши Жиньпин түүнийг Бээжинд айлчлан ирэхийг урьсан бол, өөрөө ч мөн Ши Жиньпинг АНУ-д уриад байгаа гэнэ. “Тэр намайг Хятадад урьсан, би бас түүнийг энд айлчлан ирэхийг урьсан. Бид хоёул урилгыг хүлээн авсан. Тиймээс би хэзээ нэг цагт тэргүүн хатагтайн хамт Хятадад айлчилна. Түүнийг бас Хятадын тэргүүн хатагтайн хамт айлчлан ирнэ гэдэгт найдаж байна” гэж Трамп Цагаан ордонд Германы канцлер Фридрих Мерцтэй уулзах үеэрээ хэлжээ.

Хоёр улсын тэргүүн нарын хоорондын энэ яриа нь худалдааны маргааныг намжаах анхны алхам болсон гэдгийг талууд онцолсон байна. АНУ-ын зүгээс Хятадын оюутнуудад визийн хориг тавихгүй гэдгээ амласан бол, Хятадын тал АНУ-д газрын ховор элементүүдийг нийлүүлэхээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Трампын хэлснээр, “Газрын ховор элементийн асуудалд цаашдаа ямар нэг хүндрэл гарахгүй. Хятадын оюутнууд ирж болно, ямар ч асуудалгүй, тэднийг хүлээж авах нь нэр төрийн хэрэг. Гэхдээ бид тэднийг шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Ярианы үеэр Тайванийн асуудал ч мөн хөндөгдөж, Хятадын тал АНУ-ыг энэ асуудалд болгоомжтой хандахыг уриалсан тухай Хятадын төрийн хэвлэлд мэдээлжээ. Ши Жиньпин “Тайванийн асуудалд АНУ мөргөлдөөнөөс зайлсхийх үүднээс анхааралтай, хариуцлагатай хандах хэрэгтэй” гэж утсаар ярихдаа сануулсан байна.

Энэ яриа хоёр гүрний хооронд хэдэн сар үргэлжилсэн худалдааны дайны үеэр анх удаа ил тод ойлголцолд хүрсэн алхам болж байгаа бөгөөд өмнө нь талууд нэгнийхээ бараа бүтээгдэхүүнд 100-аас дээш хувийн импортын татвар ногдуулан, сөргөлдөөн гүнзгийрч байсан билээ. Тавдугаар сард Женевт болсон уулзалтаар хоёр тал 90 хоногийн хугацаанд татварын хэмжээг бууруулах, худалдааны гэрээг шинэчлэх тохиролцоо хийсэн ч хэрэгжилт нь төдийлөн ахицтай байгаагүй юм.

Одоо хоёр тал харилцан уян хатан байж, итгэлцлээ сэргээхэд анхаарч эхэлсэн нь цаашдын харилцааны чиг хандлагад эерэг өөрчлөлт авчирч болзошгүй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here