АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины дайныг зогсоох шинэ тохиролцоо боловсруулах ажил дуусах шатандаа орж, АНУ-ын засаг захиргаа энхийн хэлэлцээрт “маш ойрхон” ирээд байгааг мягмар гарагт мэдэгдлээ.
“Найман дайныг дуусгасан, одоо сүүлийн дайнд хүрч байна”
Трамп Цагаан ордонд болсон Талархлын баярын ёслолын үеэр үг хэлэхдээ, өөрийн ерөнхийлөгчийн засаг захиргаа зэвсэгт мөргөлдөөнийг дуусгах чиглэлээр богино хугацаанд урьд байгаагүй ахиц гаргасан хэмээн онцолж, дараах байдлаар мэдэгджээ.
“Би мөн есөн сарын хугацаанд найман дайныг дуусгасан, бид одоо сүүлийн дайныг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ бүхэн амар биш. Гэхдээ бид зорьсондоо хүрнэ гэж бодож байна” хэмээн тэр хэлэв.
Түүний хэлснээр, зөрчил мөргөлдөөн үргэлжилж буй нөхцөлд зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд л байлдааны талбарт 25 мянган цэрэг амиа алдсан байна. Энэ тоо нь хохирлын цар хүрээ ямар аюултай хэмжээнд хүрснийг харуулж байгаа бөгөөд яаралтай шийдэл шаардлагатайг Трамп онцоллоо.
Тэрбээр үргэлжлүүлэн, Украинд тулгарсан мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээний явц эрчимтэй урагшилж буйг дахин тодотгон:
“Бид тохиролцоонд хүрэхэд нэлээд ойртож байгаа гэж бодож байна, энэ талаар удахгүй олж мэднэ. Нэг л тохиролцоогоор асуудал хурдан шийдэгдэнэ гэж бодож байсан. Бид найман дайныг дуусгасан. Миний хувьд үүнийг илүү хялбар байна гэж бодож байсан, гэсэн хэдий ч жил хүрэхгүй хугацаанд бид ахиц дэвшил гаргасан гэж бодож байна” гэж ярьсан байна.
Цагаан ордноос: “онцгой их ахиц дэвшил”, гэхдээ үлдэж буй эмзэг асуудлууд бий
Өмнө нь Цагаан ордон Украины асуудлаарх энхийн хэлэлцээрийн талаар албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ, Киев ба Москвагийн хоорондын хэлэлцээний хүрээг тодорхойлох тал дээр Америкийн тал “онцгой их ахиц дэвшил гаргасан” хэмээн мэдэгдсэн ч бүх зүйл бүрэн шийдэгдээгүй байгааг хүлээн зөвшөөрсөн.
Хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт X нийгмийн сүлжээний хуудсандаа “Украин, Орос, АНУ-ын хооронд цаашид хэлэлцээ хийх шаардлагатай хэд хэдэн эмзэг боловч шийдвэрлэх боломжтой нарийн ширийн асуудлууд бий” гэж бичсэн нь талуудын хооронд зарим үндсэн заалт, нөхцлүүдийг нарийвчлан тохиролцох шаардлага үлдсэнийг харуулж байна.
Женев дэх уулзалт: 28 заалт бүхий төлөвлөгөөнөөс “шүүлтүүрдсэн” хувилбар руу
Өнгөрсөн ням гарагт Швейцарийн Женев хотноо АНУ, Украины төлөөлөгчид уулзаж, Украинд энх тайван тогтоохтой холбоотой Вашингтоны боловсруулсан 28 заалт бүхий төлөвлөгөөг хэлэлцжээ. Уулзалтын дүнд талууд уг баримт бичгийг “шинэчлэгдсэн, боловсронгуй” хувилбар болгон дахин боловсруулах ажлыг үргэлжлүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
Энэхүү төлөвлөгөө нь эхний шатанд Киев болон түүний холбоотнуудын дунд болгоомжлол, үл итгэх байдал төрүүлж, зарим заалт тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааны өнцгөөс хэт эрсдэлтэй байж магадгүй гэсэн шүүмжлэлүүд дагуулж байв.
Гэсэн хэдий ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гаргийн орой хэлэлцээний дараа хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлтийг эерэгээр үнэлж, түүнийг “шинэчлэгдсэн, боловсронгуй” гэж тодорхойлоод, одоогийн байдлаар тус санал “цөөн заалттай, зөв элементүүд ихтэй” болсон хэмээн онцлон тэмдэглэжээ.
“Нийтлэг ойлголт” ба Зеленскийн АНУ-д хийхээр төлөвлөсөн айлчлал
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров мягмар гарагт хэвлэлд өгсөн тайлбартаа Женевт болсон хэлэлцээний үеэр Киев, Вашингтоны төлөөлөгчид АНУ-ын боловсруулж буй энхийн төлөвлөгөөний гол нөхцөлүүдийн талаар “нийтлэг ойлголтод” хүрсэн гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр цааш нь Украины талаас эцсийн тохиролцоог боловсруулах сүүлийн алхмуудыг хийх, үлдсэн эмзэг заалтуудыг Трампын засаг захиргаатай төлөвлөгөөний түвшинд бүрэн тохиролцохын тулд Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн АНУ-д хийх айлчлалыг “аль болох ойрын тохиромжтой хугацаанд” зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж байгаа талаар дурджээ.
Ийнхүү Вашингтон, Киев, Москвагийн хоорондын гурван талт зохицуулалт хэр амжилттай үргэлжлэхээс хамааран Орос-Украины дайн төдийгүй бүс нутгийн аюулгүй байдлын архитектур бүхэлдээ өөрчлөгдөх үү, эсвэл хэлэлцээ ээлжит удаагаа сунжрах уу гэдэг асуулт нээлттэй хэвээр байна.





