Монголын шилдэг цахим спортын баг болох “The MongolZ” сүүлийн өдрүүдэд томоохон өөрчлөлт хийж, 19 настай буудлагын тоглогч Senzu-г түр хугацаанд гараанд гаргахгүй болсноо зарласнаар цахим спортын ертөнцөд шуугиан дэгдээжээ.
Энэ нь тус багийн хувьд сүүлийн хоёр жилд хийсэн анхны бүрэлдэхүүний өөрчлөлт бөгөөд олон улсын шинжээчид болон хөгжөөн дэмжигчдийн дунд янз бүрийн таамаглал үүсгэж байна. Зарим нь багийг Будапештэд болох мейжор тэмцээний өмнө стратегийн шинэчлэл хийж байна гэж үзэж байна.
“The MongolZ” багийн бүрэлдэхүүн
- Garidmagnai “bLitz” Byambasuren
- Sodbayar “Techno” Munkhbold
- Usukhbayar “910” Banzragch
- Ayush “mzinho” Batbold
- Erdenedalai “maaRaa” Bayanbat — дасгалжуулагч
Гадаад шинжээчдийн санал
Цахим спортын шинжээч Трэвис “Trav” Ландау Мотт X (хуучнаар Twitter)-д дараах саналуудаа бичжээ.
“The MongolZ баг Senzu-г орлохын тулд дараах гурван хувилбарыг бодож үзэх хэрэгтэй гэж бодож байна.
1. 2026 он хүртэл Chinggis Warriors-ийн yAmi (Yalalt Oyunbileg)-ийг авах. Ями одоогоор мейжор тэмцээнд оролцох багийн бүртгэлд ороогүй байгаа. Энэ бол богино хугацаанд хамгийн боломжит шийдэл.
2. Буриадын Майдар “Nocries”-ийг элсүүлэх. Тэр Хойд Америкт тоглох сонирхолтой ч The MongolZ-оос урилга ирвэл татгалзахгүй нь тодорхой. Майдартай урт хугацааны гэрээ байгуулах боломжтой.
3. Украины домогт тоглогч s1mple-ийг стендин (түр орлон тоглогч) болговол үнэхээр сонирхолтой байх болно.”
Хөгжөөн дэмжигчдийн хариу
Эдгээр санаанууд цахим спортын олон нийтийн сүлжээнд маргаан дагуулсан ч дэмжигчдийн сонирхлыг улам нэмэгдүүлж, Senzu-г орлох хүний талаарх хэлэлцүүлэг ид өрнөж байна.





