Эрүүл мэндийн яамнаас шинэ шийдлийг зарлав
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх төрлийн хаалт, хаалгыг саадгүй нээж нэвтрэх тоноглол суурилуулахаар болсон талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. Энэхүү зохицуулалт нь дуудлагын дагуу очих үед гардаг саад тотгорыг багасгаж, яаралтай тусламж хүрэх хугацааг богиносгох зорилготой байна.
Хаалт, зогсоолоос үүдсэн цаг алдалтыг бууруулна
Түргэн тусламж дуудлагад явахад хаалттай хаалга нээлгэхээр харуул, оршин суугч хүлээх, нэвтрэх зөвшөөрөл шаардлагатай болох, зогсоолгүйгээс болж тойрч явах зэрэг хүндрэл байнга тулгардаг. Ийм нөхцөлөөс шалтгаалсан хугацааны алдагдлыг бууруулахын тулд нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг түргэний автомашин саадгүй нэвтэрдэг болгох чиглэл өмнө нь Эрүүл мэндийн сайдын түвшинд гарч байсан бөгөөд одоо хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүчин чадал
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний автомашин өдрийн гурван ээлжээр дуудлагад явж байна. Мөн 125 жолооч, 175 эмч ажиллаж байгаа аж. Дуудлагын тоо тогтмол өсөж буй үед дуудлагад хүрэх хугацааг богиносгох нь үйлчилгээний үр дүнд шууд нөлөөлнө гэж холбогдох байгууллагууд үзэж байна.
Өдөрт 1300–1500 дуудлага ирдэг
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд “Манай 103 дугаарт өдөрт дунджаар 1300-1500 дуудлага ирдэг. 2025 онд 445,827 дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын тоо жилд 10 хувиар нэмэгдэж байна” гэснийг НИТХ-аас мэдээлэв.





