Улаанбаатарын авто замын ачааллыг 40 гаруй хувиар бууруулах томоохон төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн зүүн захын Улаанбаатар–Налайхын авто замаас баруун чиглэлд орших аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх “Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажил ид өрнөж байна.
Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд
Одоогоор гүйцэтгэсэн гол ажлууд нь дараах байдалтай байна:
- 2000 м.кв талбайд дайрга дэвсэж тэгшилж, дам нурууны угсралтын талбайг хусаж нягтруулсан;
- 24,000 м³ хайрга, дайрга дэвсэж тэгшлэх ажлыг бүрэн дуусгасан;
- Төслийн кемпийн 2000 м.кв талбайг тэгшлэн, 1000 м.кв бетон цутгалт хийсэн;
- Дөрвөн байршилд түр зам барих ажил эхэлж, ирэх арваннэгдүгээр сард бүрэн дуусахаар төлөвлөж байна;
- 1000 ширхэг модыг Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн суулгасан.
Хурдны замын бүтээн байгуулалтын үзүүлэлтүүд
Туулын хурдны зам нь дараах гол үзүүлэлтүүдтэй байх юм:
- Нийт урт: 32 км
- Замын өргөн: зургаан эгнээ
- Орц, гарц: 7
- Хоёр түвшний уулзвар: 8 байршилд
- Гүүрэн байгууламж: 13 байршилд, нийт 9.8 км урт
- Туннель: 4 байршилд, нийт 190 метрийн урттай
Энэхүү зам нь Баянзүрхийн товчооноос баруун аймгууд руу чиглэх гол тээврийн зангилаа болох бөгөөд Энхтайваны, Яармагийн, Наадамчдын, Сонсголонгийн гүүрнүүдийн ачааллыг хуваалцаж, Нисэх болон Яармагийн түгжрэлийг 40 гаруй хувиар бууруулах тооцоотой.
Гүйцэтгэгч компанийн тухай
Төслийн гол гүйцэтгэгчээр ХаоЮань групп ХХК ажиллаж байна. Тус компани нь 20 жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан бөгөөд
- Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын 10 гаруй улсад салбартай;
- Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад зэрэг оронд дэд бүтцийн болон хурдны замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.
Төслийн ач холбогдол
Туулын хурдны зам нь “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан, нийслэлийн авто замын сүлжээг шинэ шатанд гаргах стратегийн чухал төсөл юм.
Төсөл хэрэгжсэнээр:
- Хотын төвийн авто замын ачаалал буурч,
- Замын хөдөлгөөний үр ашиг нэмэгдэж,
- Иргэдийн цаг хугацаа хэмнэгдэн,
- Эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх юм.
Барилгын ажлыг 2025–2027 онд олон улсын стандартын дагуу үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.





