Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг өнөөдрөөс эхлэн Засгийн газрыг огцруулах санал бүхий албан бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн талаар мэдэгдлээ.
“Засгийн газар эдийн засаг, хууль ёсонд халдаж байна” гэж мэдэгдэв
Тэрбээр мэдэгдэлдээ:
“Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглалд халдаж, нийгмийг эмх замбараагүй байдалд турхирч байгаа учраас Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах нь зүйтэй. Экспортын орлого огцом буурч, валютын нөөц хасах дүнтэй гарсан. Үүний зэрэгцээ ‘Эрдэнэс Тавантолгой’-г түшиглэн нэг тэрбум ам.долларын оффтэйк гэрээг нууцаар төсөвт оруулсан нь ноцтой зөрчил юм,” хэмээн хэлэв.
Мөн тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компанийн худалдан авах журамд өөрчлөлт оруулсан нь Чалко компанитай зээлийн хэлцэл хийх зорилготой” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Гарын үсэг цуглуулах ажиллагаа өрнөж байна
П.Сайнзоригийн мэдээлснээр, түүний гарын үсэг цуглуулах албан бланк дээр аль хэдийн хэд хэдэн гишүүн гарын үсгээ зурсан ч яг тоог хэлэхээс татгалзсан байна. Тэрбээр өнөөдөр зарим гишүүнтэй уулзаж, саналын зорилгоо танилцуулаад, маргааш УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Түүнчлэн энэ санаачилгад зөвхөн өөрийн намын гишүүд төдийгүй Ардчилсан Нам, Үндэсний Эвсэл, ХҮН Нам, Иргэний Зориг Ногоон Намын төлөөллүүд гарын үсэг зурсан гэв.
Үндсэн хуулийн дагуу огцруулах нөхцөл
Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:
“Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлээд, арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Нийт гишүүний олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдыг огцруулсанд тооцно” гэж заасан байдаг.
Иймд Засгийн газрыг огцруулах асуудлыг 32 ба түүнээс дээш гишүүний гарын үсэгтэйгээр өргөн мэдүүлэх боломжтой. Харин УИХ-ын 64 ба түүнээс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцогдоно.