Өчигдөр Лхагва гарагт Украин, Оросын төлөөлөгчид Туркийн Истанбул хотод гурав дахь удаагаа уулзалт хийхдээ дөнгөж 40 минут хүрэхгүй хугацаа зарцуулжээ.
Энэ уулзалтаар дайны гал зогсоох чиглэлээр ямар ч бодит дэвшил гарсангүй. Харин олзлогдсон цэргүүдийг харилцан солилцох ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцоонд хүрчээ.
Уулзалтын явцад Украины төлөөлөгчид Зеленский, Путин нар шууд уулзах саналыг Оросын талд албан ёсоор тавьснаа дараа нь мэдээлсэн байна.
Оросын төлөөлөгчид тулааны талбараас нас барсан болон шархадсан цэргүүдээ татахын тулд богино хугацааны гал зогсоолт хийх саналыг Украины талд гаргажээ.
“Ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах нь бидний нэн тэргүүний зорилт юм” гэж Украины төлөөлөгчдийн ахлагч Рустем Умеров уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлсэн байна.
Энэхүү уулзалтыг наймдугаар сарын сүүлээр зохион байгуулж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нарыг оролцуулах саналыг тавьсан байна.
Оросын төлөөлөгчдийн ахлагч Владимир Мединский “Бидний байр суурийн ялгаа нэлээд их байна. Ямартай ч харилцаагаа үргэлжлүүлэхээр тохирлоо” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Хоёр тал тус бүр 1,200 олзлогдсон цэрэг солилцохоор тохиролцсоныг тэр мөн мэдээлжээ.
Түүнчлэн Оросын тал Украины 3,000 цэргийн цогцсыг хүлээлгэн өгөх саналыг гаргасныг Мединский онцолсон байна.
“Бид Украины талд фронтын шугам дагуу 24-өөс 48 цагийн хугацаатай түр гал зогсоох санал тавилаа. Ингэснээр эмнэлгийн баг шархадсан цэргүүдийг цуглуулах, командлагч нар алагдсан цэргүүдийнхээ цогцсыг татах боломжтой болох юм” гэж тэр хэлжээ.
Дайтагч талууд өмнө нь тав болон зургаадугаар саруудад Истанбулд уулзахдаа мөн олзлогдсон цэргүүд болон нас барсан цэргүүдийн цогцос солилцох тохиролцоонд хүрч байсан юм.
Гурав дахь удаагийн хэлэлцээнээс ямар үр дүн хүлээж байгааг Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песковоос өчигдөр сэтгүүлчид асуухад “Хэн ч амар хялбар зүйл хүлээхгүй байна. Уулзалт маш хэцүү байх болно” гэж хариулжээ.
Уулзалтын эхэнд Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан “Бидний зорилго бол асар их гарз хохиролтой цуст дайныг аль болох хурдан дуусгах явдал. Эцсийн зорилго бол дайны галыг зогсоож, энх тайван тогтоох юм” гэж хэлсэн байна.
Өмнөх уулзалтуудаар Украины төлөөлөгчид ямар ч нөхцөлгүйгээр дайны гал зогсоох саналыг гаргаж байсан ч Оросын тал хүлээж аваагүй байна.
Оросын шаардлага нь Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн мужийг шилжүүлж өгөх, Украин улс НАТО-д элсэх эрхийг хаах байв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайнаа зогсоох 50 хоногийн хугацааг Оросын удирдлагад өгч, биелүүлээгүй тохиолдолд 100 хувийн хоёрдогч татвар ногдуулахаар сүрдүүлсэн байна.
Гэвч үүний хариуд Оросын тал Украины хотууд руу чиглэсэн агаарын цохилтоо улам ширүүсгэсэн хэвээр байна.
Мягмараас Лхагва гарагт шилжих шөнө Оросын арми 71 дрон ашиглан Украины дөрвөн бүс нутагт халдлага үйлдсэн байна.
Үүний үр дүнд Украины хойд хэсгийн Сумы мужид цахилгаан шугам тасарч, 220,000 гаруй хүн гэрэлгүй болсныг Киевийн албаныхан мэдээлжээ.