Украин улс Ням гарагт Оросын нутаг дэвсгэрийн гүнд алсын зайн дрон ашигласан цэргийн томоохон ажиллагаа амжилттай зохион байгуулсан тухай мэдэгдлээ. “Аалзны тор” нэртэй энэхүү нууц ажиллагааг Украины СБУ тусгай алба удирдсан бөгөөд нийт 117 дроныг ашиглан Оросын дөрвөн цэргийн агаарын баазад хүчтэй цохилт өгсөн байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн мэдээлснээр, “Оросын стратегийн пуужин тээвэрлэгч онгоцны 34 хувь нь устгагдсан” бөгөөд хамгийн багадаа 40 байлдааны онгоц сүйдсэн гэнэ.
СБУ энэхүү ажиллагаанд хагас жилийн турш бэлтгэж, дронуудыг модон хайрцагт нууж, ачааны машинд суулган Оросын агаарын баазуудын ойролцоо тараан байрлуулсан аж. Хамгийн тохиромжтой цагийг сонгон, дроныг алсаас удирдан хөөргөснөөр Оросын агаарын хүчинд ойролцоогоор 7 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж үзэж байна.
Цохилтод өртсөн дөрвөн бааз нь Эрхүү мужийн Белая, Мурманск мужийн Оленя, Рязань мужийн Дягилево, Иваново мужийн Иваново юм. Белая болон Оленя нь Украины хилээс хэдэн мянган километрийн зайд байрладаг бөгөөд довтолгоо Оросын агаарын орон зайн гүн рүү чиглэсэн гэдгийг илтгэж байна. СБУ-гийн мэдээлснээр, онгоцны дотор стратегийн бөмбөгдөгч Ту-95, Ту-22М3 болон урьдчилан сэрэмжлүүлэх А-50 зэрэг онгоцнууд багтаж байжээ.
Украины талаас мэдээлснээр, дронууд Оросын нутагт нууцаар нэвтэрсэн бөгөөд чингэлгийн дээвэр хэсэгт суурилуулсан модон хайрцгаар дамжуулан ачааны автомашинаар байрлуулсан аж. Эдгээр хайрцгийг алсаас нээж, дронуудыг хөөргөсөн байна. Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев энэ мэдээллийг баталж, Белая баазад ачааны автомашинаас хөөрсөн дронууд халдсан гэв. Бусад бүс нутгийн эх сурвалжууд ч үүнийг давхар нотолж байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины мэдээлэлд хариу өгч, Амур мужийн нэгэн баазын эсрэг халдлага нэмэгдсэнээр нийт таван цэгт дайралт болсон ч бүх халдлагыг няцаасан хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн Ням гарагт Оросын тал нийт 472 дрон, долоон баллистик болон далавчит пуужинг Украины нутаг руу харвасан тухай Украины зүгээс мэдээлэв. Үүнээс 385 ширхэг “агаарын бай”-г амжилттай устгасан гэж нэмэгдүүлэн мэдэгдсэн байна.
Гэсэн ч Украины хуурай замын цэргийн сургалтын төв пуужингийн цохилтод өртөж, 12 цэргийн алба хаагч амь насаа алдаж, 60 гаруй хүн шархадсан хохирол учирсан байна. Үүний дараа хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Михайло Драпатый огцрох хүсэлтээ гаргажээ.
Энэхүү ажиллагаа нь Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээ эхлэхийн өмнөх өдөр буюу Туркийн Истанбул хотод зохион байгуулагдах уулзалтын өмнө хийгдсэн нь анхаарал татаж байгаа юм.


