Украины Аюулаас хамгаалах алба (СБУ) өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, тагнуулын ахлах офицер хурандаа Иван Воронычийн амийг хөнөөсөн Оросын хоёр агент-ыг баривчлах оролдлогын үеэр устгасан тухай мэдээллээ.
СБУ-ын дарга Василий Малюк-ийн мэдээлснээр, уг хоёр этгээд нь ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Алба (ФСБ)-ны ажилтнууд байсан бөгөөд Ням гарагийн өглөө баривчлагдахдаа зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн тул шууд арга хэмжээ авсан аж.
Киевт үйлдэгдсэн зохион байгуулалттай аллага
2025 оны 7-р сарын 10-ны өглөө 9:00 цагийн орчим, Киев хотын Холосийвский дүүрэгт байрлах орон сууцны хашаанд хурандаа Вороныч автомашиндаа суух гэж явахдаа буудуулжээ.
Хяналтын камерын бичлэг дээр түүнийг дагаж мөшгөсөн хоёр этгээд дуу намсгагчтай гар буугаар хэд хэдэн удаа буудсан нь бүртгэгдсэн байна.
Аллагын дараа агентууд оргон зайлсан ч СБУ болон цагдаагийн хамтарсан ажиллагаагаар хэдэн өдрийн дотор байршлыг нь илрүүлж чаджээ.
“Гадаадын иргэд” гэх тодорхойгүй мэдээлэл
Украины Үндэсний цагдаагийн газраас тухайн этгээдүүдийг “гадаадын иргэд” гэж тодорхойлсон ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
ОХУ-ын талаас албан ёсны ямар нэг тайлбар эсвэл хариу мэдэгдэл хийгдээгүй байна.
СБУ-ын гадаад ажиллагаа ба тагнуулын сүүдэр
СБУ нь уламжлал ёсоор дотоодын аюулгүй байдал, сөрөг тагнуулын чиглэлээр ажилладаг. Гэвч Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш ОХУ-ын нутаг дэвсгэрт явуулсан нууц ажиллагаа, хорлон сүйтгэх явдалд оролцсон гэх мэдээлэл олонтаа гарч байсан.
Оросын гүнд инфраструктур, цэргийн объектууд руу довтолсон ажиллагаа,
Армийн өндөр албан тушаалтнуудын аллага зэргийг СБУ-тай холбон тайлбарладаг ч
Албан ёсоор ийм ажиллагааг СБУ хүлээн зөвшөөрч байгаагүй.