2025 оны зургаадугаар сарын 19-нд Улаанбаатараас мэдээлж байна. Эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн цуврал тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Монголын “Улаанбаатар Амазонс” баг өндөр амжилт үзүүлж, хасагдах шат буюу шөвгийн наймд шалгарлаа.
Энэхүү нэр хүндтэй тэмцээнд АНУ, Канад, Япон, Филиппин, Австри, Герман, Украин, Австрали зэрэг сагсан бөмбөгийн хүчирхэг багууд оролцож байгаагаас гадна Монгол Улсыг төлөөлөн гурван баг өрсөлдөж буй. Хэсгийн шатны тоглолтууд өчигдөр өндөрлөсөн бөгөөд хасагдах шатанд АНУ, Канад, Япон, Австри, Герман, Украин, Австрали болон Монголын “Улаанбаатар Амазонс” баг шалгарсан байна.
Манай “Улаанбаатар Амазонс” баг хэсэгтээ Филиппинийг 21:16-аар хожсон ч Австрийн багт ялагдал хүлээжээ. Гэвч энэ үр дүнгээрээ тэд шөвгийн наймд шалгарсан бөгөөд өнөөдөр 16:35 цагт Украйны багтай тоглох юм. Багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Булбул, Н.Нандинхүсэл нар багтжээ.
Харин Монголын үндэсний шигшээ болон “Амгалан U24” баг хэсгийн шатнаас цааш шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Дэлхийн цувралын аварга баг өнөөдөр тодрох юм.
Түүнчлэн маргааш буюу зургаадугаар сарын 20-нд эрэгтэйчүүдийн “Их дуулга” ангиллын тэмцээн эхлэх бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 12 баг оролцохоор бүртгүүлжээ. Монгол Улсаас “Улаанбаатар Энержи” болон “Завхан Сайнскор” багууд оролцохоор бэлтгэлээ бүрэн хангаад байна.



