Хоёр хотын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотын захирагч Женни Вилсон нар хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичиг нь хоёр хотын харилцааг шинэ түвшинд хүргэх, эдийн засаг, боловсрол, хот байгуулалт, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Эдийн засаг, боловсрол, хот байгуулалтын шинэ боломж
Солт Лэйк хот нь АНУ-д халамж, хүмүүнлэгийн үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч хотуудын нэг бөгөөд энэ туршлагыг Улаанбаатар хотын хөгжилд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.
НИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ:
“Улаанбаатар хотын хувьд Агро-сити эдийн засгийн тусгай бүс байгуулсан. Уг бүсэд Солт Лейк хот үйлдвэрээ барьж байгуулах боломжтой. Ингэснээр зөвхөн Монголд төдийгүй манай хоёр хөрш оронд ч үйлдвэр үйлчилгээгээ нэвтрүүлэх гарц нээгдэнэ. Улаанбаатар – Солт Лэйк хотууд боловсролоос гадна олон чиглэлд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Үүний нэг нь эдийн засаг, үйлдвэр үйлчилгээний салбар юм.”
Талууд цаашид боловсролын солилцоо, бизнесийн түншлэл, тогтвортой хот байгуулалтын туршлага зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа аж. Энэ хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр хотын төдийгүй хоёр улсын харилцаанд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.





