Нийслэл хотод хэрэгжүүлэх их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл — метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эхний шатны тендерийн материалуудыг 2025 оны 4-р сарын 28-ны өдөр албан ёсоор нээлээ. Уг тендерт Монгол, БНСУ, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад зэрэг долоон улсын 27 аж ахуйн нэгж оролцож материалаа ирүүлсэн байна.
Эхний шатны шалгаруулалтын дараа дараагийн буюу II шатны тендерийг 2025 оны 5-р сарын 5-нд зарлах товтой байгаа бөгөөд дараагийн шатанд зөвхөн шалгуур хангасан компаниуд оролцох юм. Төслийг олон улсын стандартын дагуу нээлттэй, ил тод байдлаар хэрэгжүүлэхийг зохион байгуулагчид онцолж байна.
Улаанбаатар хотын метроны шугам нь Толгойтоос Амгалан чиглэлд баригдах бөгөөд:
- Нийт урт нь 19.4 км,
- 15 өртөөтэй,
- Өртөө хоорондын дундаж зай 1.3 км байх төлөвтэй.
Шугамын дагуу бүтээн байгуулалт дууссанаар метро нь нэг цагт 17,206 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай болж, Толгойтоос Амгалан хүртэл 31 минут 25 секундын дотор зорчих боломж бүрдэх юм. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр нийслэлийн замын хөдөлгөөний дундаж хурд 40.4 хувиар нэмэгдэх, автомашины түгжрэлийг эрс бууруулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг томоохон үр нөлөөтэй гэж үзэж байна.
Метроны төсөл нь зөвхөн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахаас гадна эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгох, хотын хөгжлийн шинэ тэнхлэгийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой гэж албаныхан тайлбарлажээ.
Одоогоор төслийн нарийвчилсан зураг төсөл, техникийн судалгааг бүрэн боловсруулсан бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид метроны төслийн явц, гүйцэтгэлийн тендерийн үе шат бүрийг олон нийтэд нээлттэйгээр мэдээлж ажиллахыг холбогдох байгууллагууд амласан байна.
Маш олон компани сонирхож байгаа нь үнэхээр гайхалтай! Метро аль болох хурдан гарч ирнэ гэж найдаж байна
Улаанбаатарт метро үнэхээр хэрэгтэй байна. Бид сайн мэдээ хүлээж байна