2025 оны хоёрдугаар хагас гэхэд Улаанбаатар–Москва чиглэлийн шууд нислэгийг сэргээхээр төлөвлөж байгааг ОХУ-ын ТАСС агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээлэл нь Оросын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов болон Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нарын уулзалтын дараа олон нийтэд ил болсон юм.
Александр Козлов нь Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргаар ажилладаг бөгөөд талуудын уулзалтаар хоёр улсын худалдаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд хэлэлцжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр:
- Москва–Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг энэ оны эцэс гэхэд сэргээх төлөвтэй байна.
- Хоёр улсын хоорондын агаарын тээврийн харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ.
- Мөн Оросын тал Улаанбаатарын ДЦС-3-ын шинэчлэл, УБТЗ-ын хөгжил зэрэг томоохон төслүүдэд идэвхтэй оролцож байгааг онцолсон байна.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд зогсоод байсан энэхүү нислэг сэргэсэн тохиолдолд хоёр орны иргэд, бизнесийн байгууллагуудад илүү хялбар, хурдан холбогдох боломжийг олгоно гэж албаны эх сурвалжууд үзэж байна.