2025 оны 6-р сарын 12-нд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яам, МУИС болон олон улсын түншлэгч байгууллагууд хамтран “Англи хэлний мэргэшлийн төв”-ийг Улаанбаатар хотноо албан ёсоор нээлээ.
Нээлтийн үеэр Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ:
“АНУ-ын ЭСЯ, Боловсролын Яам, МУИС болон бусад холбогдох байгууллагууд удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг хийж хамтран ажилласны дүнд бид өнөөдөр энэхүү төвийг нээж байна. Монгол орны боловсролын салбарын бүх түвшний англи хэлний багшаар ажиллаж буй хэн бүхэнд мэргэшлийн төв хүртээмжтэй, чанартай сургалтыг үр дүнтэй явуулж тэдний мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхэд нь тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Энэхүү төв нь англи хэлний багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилготой бөгөөд АНУ-аас ирсэн мэргэжилтнүүд болох Феллоу, Фулбрайт, Энх тайвны корпусын багш нар сургалт, семинаруудыг тогтмол зохион байгуулж байна. Үүнд:
- Англи хэл заах арга зүй
- Багшийн хөгжил
- Сургалтын хөтөлбөр боловсруулалт
- Академик англи хэлний сургалт
- Ярианы чадвар хөгжүүлэх хичээлүүд багтаж байгаа юм.
Тус төв нь Монгол Улсын ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын салбарын багш нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 200 гаруй англи хэлний багшийг хамруулсан байна.