Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар маргааш болох “Монгол Улсын Аварга Цолонд Хүндэтгэл Үзүүлэх” барилдаанд зодоглох гэж байна. Тэрбээр Улсын баяр наадамдаа 10 удаа шөвгөрч, Монголын бөхийн салбарт олон амжилт гаргасан хүчтэн юм.
Х.Мөнхбаатар арслан барилдааныхаа талаар:
“Э.Оюунболдыгоо өмнөх барилдаанд гарахыг хараад сэтгэл хөдлөөд Бөхийн өргөөнд гармаар санагдлаа. Маргаашийн барилдаанд гарна аа. Одоо миний насныхны ид сайхан барилддаг цаг өнгөрсөн ч гэлээ ёс болгоод гарна” хэмээсэн байна.
Х.Мөнхбаатар арслан 2001 оноос өнөөг хүртэл Улсын баяр наадамд тасралтгүй зодоглосон бөгөөд 2000 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд 19 настай түрүүлж, дараа нь 2001 оны Улсын баяр наадмаар Улсын гарди Б.Гантогтохоор тав давж, Улсын начин цолонд хүрсэн юм.
Түүний Амжилтууд:
2000 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд 19 настай түрүүлсэн.
2001 онд Улсын баяр наадамд Б.Гантогтох арслангаар тав давж Улсын начин цол хүртсэн.
2024 оны Улсын баяр наадамд нэг давж, хоёрын даваанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Аймгийн начин Балжиннямд өвдөг шороодсон.
2018 оны тавдугаар сарын 20-нд болсон Хөвсгөл аймгаас төрөн гарсан гурван аваргын нэрэмжит барилдаанд гурав давсан.
Өдгөө 44 настай Х.Мөнхбаатар арслан, найман жилийн дараа Бөхийн өргөөндөө зодоглох гэж байна.