-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Умард Солонгос пуужин харваж, Өмнөд Солонгос–Хятадын дээд түвшний уулзалтыг өдөөн хатгасан дохио илгээлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Пёньяны орчмоос өглөө эрт хийсэн туршилт

Умард Солонгос Ням гарагийн өглөө баллистик пуужинг тэнгис рүү харваж туршсан талаар тус бүсийн орнууд нэгэн зэрэг мэдээлэв.

Туршилтын үе нь онцгой анхаарал татаж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн Бээжин рүү албан ёсны айлчлалаар мордохоос хэдхэн цагийн өмнө пуужингуудыг харвасан нь хоёр улсын дээд түвшний хэлэлцээний өмнөх улс төрийн хүчтэй мессеж гэж дүгнэгдэж байна. Тус айлчлалын хүрээнд тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар голчлон ярилцах хүлээлттэй байв.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний хамтарсан штабын мэдээлснээр орон нутгийн цагаар 07:50 минутын үед Пёньяны ойролцоо бүсээс хэд хэдэн баллистик пуужин хөөргөсөн байна. Урьдчилсан тооцоогоор эдгээр пуужин ойролцоогоор 900 километр нисэж, тэнгисийн усанд унажээ.

Сөүл болон Вашингтоны холбогдох байгууллагууд туршилтын талаар цуглуулсан мэдээллээ нэгтгэн дүгнэж, Японтой ч мэдээлэл солилцож байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Сөүл, Бээжингийн уулзалтыг сүүдэрлүүлсэн улс төрийн мессеж

Энэхүү туршилт нь Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Хятад улсад айлчлахаар мордохтой зэрэгцсэн цаг хугацаагаараа онцлог юм. Пёньяны дэглэм олон улсын хэлэлцээ, дипломат үйл явдлуудын өмнөхөн цөмийн болон пуужингийн туршилт хийж, хэлэлцээний орчныг өөрийн талд эргүүлэх, дарамт шахалт нэмэх тактикийг олон жилийн турш ашиглаж ирсэн.

И Жэ Мюний Бээжингийн айлчлал нь Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн эрсдэлийг бууруулах чиглэлд Хятадын нөлөөг ашиглах гол суваг байхаар төлөвлөгдөж байсан ч Пёньяны пуужингийн туршилт энэхүү дипломат оролдлогыг илт сүүдэрлүүлэв.

Токио, Сөүл, Вашингтоны анхны хариу

Японы Батлан хамгаалах яамны мэдээлж буйгаар радарын систем баллистик пуужин байж болзошгүй хоёр обьектыг илрүүлсэн байна. Эдгээрийн нэг нь ойролцоогоор 50 мянган метрийн өндөрт хүрсний дараа 900 километр, нөгөө нь 950 километр орчим зайд далайд тусжээ.

Токио энэ үйлдлийг үндэсний аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой эрсдэл дагуулсан алхам гэж тодорхойлсон. Батлан хамгаалахын сайд Шинжиро Койзүми “Умард Солонгосын цөмийн зэвсэг болон пуужингийн хөгжүүлэлт нь манай улсын болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлсэн, тэвчихийн аргагүй үйлдэл юм” гэж мэдэгдэв.

Сөүлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаан зарлаж, нөхцөл байдлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны байр суурь ч хатуу байсан бөгөөд уг туршилтыг “НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчсөн, өдөөн хатгасан үйлдэл” хэмээн тодорхойлон буруушаалаа.

АНУ болон Өмнөд Солонгосын тал пуужингийн техникийн үзүүлэлт, траекторыг хамтран шинжилж, Японтой гурвалсан мэдээллийн сувгийг идэвхжүүлсэн байна.

Вашингтоны бодлого, Пёньяны хариу

Энэ удаагийн туршилт нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөд Солонгост цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц үйлдвэрлэх зөвшөөрөл олгосноос хойших анхны баллистик пуужингийн хөөргөлт юм. Тэрхүү шийдвэрийг Пёньян Вашингтоны цэргийн дарамтыг нэмэгдүүлсэн алхам гэж үзэж байгаа тухай шинжээчид онцолдог.

Мөн АНУ-ын тусгай хүчнийхэн Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчлах ажиллагаа явуулсан нь Пёньяны зүгээс Вашингтоны гаднын дэглэмд нөлөөлөх оролдлого дахин идэвхжиж байгаагийн дохио гэж харж болзошгүй бөгөөд үүнийг эсэргүүцсэн улс төрийн бэлгэдэл болгон пуужингийн туршилтыг сонгосон байж магадгүй гэсэн таамаг ч мэргэжилтнүүдийн дунд байна.

АНУ-ын засаг захиргаа олон жилийн турш БНАСАУ-ын дэглэмийг нуран унагах бодит төлөвлөгөө байхгүй гэж олон дахин мэдэгдэж ирсэн ч Пёньяны эрх баригчид цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө аюулгүй байдлын цорын ганц баталгаа болгон харсаар байгаа нь өөрчлөгдсөнгүй.

Ким Жон Уны үйлдвэрлэлийн даалгавар: 250 хувийн өсөлт

Пуужингийн туршилттай давхцан Умард Солонгосын төв хэвлэл удирдагч Ким Жон Ун тактикийн зэвсгийн үйлдвэрт зочилсон тухай сурвалжиллаа. Түүний энэ айлчлал нь зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг хэмээн тайлбарлагдаж байна.

Мэдээлэлд дурдсанаар Ким Жон Ун тус үйлдвэрт үйлдвэрлэлийн хэмжээг 250 хувиар өсгөх зорилт тавьжээ. Энэ нь Пёньян ойрын хугацаанд тактикийн болон баллистик зэвсгийн нөөцөө эрчимтэй тэлэх төлөвлөгөөтэй байгааг харуулж, бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэлийг улам нэмэгдүүлэх дохио болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу