Өчигдөр буюу пүрэв гарагт Умард Солонгосын зүүн эрэгт байрлах Чонжин боомтын усан онгоцны үйлдвэрт болж өнгөрсөн шинэ байлдааны хөлгийн нээлтийн үеэр таагүй явдал тохиолдов. Нээлтийн ажиллагааны үеэр 5,000 тонны жинтэй байлдааны хөлөг гэнэт эвдрэн, тэнцвэрээ алдсан нь тус улсын удирдагч Ким Жон Уныг туйлын ихээр бухимдуулжээ.
Тус улсын төв хэвлэлд мэдээлснээр хөлгийн ёроолын хэсэг хагарч, бутарснаар хөлөг тогтвортой байдлаа алдсан байна. Энэхүү бүтэлгүйтлийг Ким Жон Ун “тэвчихийн аргагүй, уучлашгүй гэмт хэрэг” хэмээн тодорхойлсон бөгөөд хөлгийг зохион бүтээхэд оролцсон инженерүүд, удирдлагуудад хариуцлага тооцохыг тушаасан аж. Тэрбээр “улсын нэр төр, сүр хүчийг хормын дотор гутаасан хариуцлагагүй, шинжлэх ухаанч бус, хайхрамжгүй ажиллагаа” хэмээн шүүмжилж, хөлгийг намын их хурлын өмнө яаралтай засварлаж дуусгахыг үүрэг болгосон байна.
Ким Жон Ун энэ явдлыг тус улсын цэргийн технологийн хариуцлагатай салбарын гутамшигт алдаа гэж үзсэн бөгөөд Умард Солонгосын хатуу дэглэмийн дор иймэрхүү зөрчлийг хэрхэн шийтгэдэг нь олон улсын анхаарлын төвд байдаг.
Умард Солонгос өөрийн алдаа, бүтэлгүйтлийн талаар нийтэд мэдээлэх нь тун ховор тохиолддог. Гэсэн ч өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын төв хэвлэл зургаан сарын өмнө хөөргөсөн хиймэл дагуул сүйрсэн талаар мэдээлж, түүнийг “маш том алдаа” хэмээн хүлээн зөвшөөрч байсан нь саяын явдлыг онцгой бөгөөд хүндээр авч үзэж буйн илрэл хэмээн ажиглагчид үзэж байна.