Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн өдөр тохиож байна.
1911 оны 12 дугаар сарын 29-ний түүхэн шийдвэр
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн, аргын тооллын 12 дугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэслэн дуусгаж, монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан юм. Энэ өдөр VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөн барьжээ. Мөн таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан түүхэн шийдвэр гаргаж, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан байна.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн ач холбогдол
Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас гэж үздэг. Энэ үйл явдал нь олон арван жилийн турш туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн үр дүн бөгөөд үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл болж, цаашлаад 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон гэж тэмдэглэдэг.
Нийтээр тэмдэглэх өдөр болгон хуульчилсан нь
Социализмын он жилүүдэд энэ өдрийн үнэ цэнийг хангалттай онцолж ирээгүй ч УИХ-ын 2007 оны 8 дугаар сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон байна. Үүний дараа 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар уг өдрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилжээ.





