Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамгаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ДЦС-3 ТӨХК-д ажиллаж, өвлийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Уулзалтын үеэр тэрбээр эрчим хүчний салбарт тулгамдаж буй зарим асуудлыг онцолж, хуулийн байгууллагуудыг анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлон дурдсан юм.
Салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай гэв
Г.Занданшатар салбарын удирдлагуудад хандан:
“Эрчим хүчний салбарынхан нэг асуудалд анхаарч ажилламаар байна. Салбарт тулгамдаж байгаа нэг асуудал бол эрчим хүчний болон дагалдах бусад хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж, дахин сайн боловсруулж Засгийн газарт танилцуулах хэрэгтэй байна. Ялангуяа Концессын хуульд өөрчлөлт оруулах замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой байгаа.”
хэмээгээд, эрх зүйн саад бэрхшээлүүдээс үүдэн хөрөнгө оруулалт татах чадамж буурч байгааг дурдав.
V цахилгаан станцын бүтээн байгуулалт яагаад зогссон бэ?
Занданшатар цааш нь Тавдугаар цахилгаан станцын олон жил үргэлжилсэн маргаантай асуудлыг онцолж, дараах тайлбарыг өгсөн юм:
“Салбарынхан дотроо ашиг сонирхлын зөрчилтэй, цаана нь нэг үл үзэгдэх хүчин үйлчилдэг. Жишээлбэл, Тавдугаар цахилгаан станцын асуудал байна. Энэ станцын ажил 1987 онд таван жилийн төлөвлөгөөнд орж байсан цагаас хойш 2008-2012 оны Засгийн газрын үед өөрсдөө хөрөнгөө гаргаад барих шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл өөр нэг төсөл гаргаж ирээд зогсоочихдог. Эсвэл шүүхдээд зогсоочирдог.”
Энэ бүх үйл явц нь Монгол Улсыг эрчим хүчний хараат байдалд хэвээр үлдээж байгаа бөгөөд төрийн бодлогыг үр дүнгүй болгож байгааг тэр тэмдэглэв.
Хөрөнгө оруулалтын боломж, импортыг бууруулах гарц
Ерөнхий сайд дараах асуудлуудыг мөн тодотголоо:
Монголд сэргээгдэх эрчим хүчний их нөөц байгаа ч огт ашиглагдахгүй байгааг
Нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ унаж, эрэлт буурсан энэ үед “нүүрсээ хар алт болгох” боломж байгааг
Цахилгаан эрчим хүчний импортыг жилд 200 сая ам.доллараар хийж буйг
Энэхүү мөнгөөр V цахилгаан станцыг барих бүрэн боломжтойг онцолсон юм.
Гэвч энэхүү боломжийг “шүүхийн маргаан, ашиг сонирхлын зөрчлөөс” болж алдаж байгааг тэрээр шүүмжилж:
“Үүний цаана ямар асуудал байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй”
хэмээн мэдэгдэв.
V цахилгаан станцын хэрэгжилтийг удаашруулсан шалтгаануудыг шалгах цаг ирснийг төрийн өндөр түвшний албан тушаалтан ийнхүү ил тод мэдэгдэж буй нь уг асуудлыг дахин нийгмийн анхаарлын төвд авчирлаа.