Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сүүлийн саруудын дотор тус өвчин дахин эрчимтэй тархаж, бага насны хүүхдүүдийн дунд хүндрэлийн түвшин нэмэгдэж байна.
Улаанбурхан дахин дэгдэж эхэллээ
2024 оны хоёрдугаар сарын 18-наас өнөөг хүртэл нийт 2,928 улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн.
- Одоогийн байдлаар 450 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд
- Эрчимт эмчилгээний тасагт 10 хүүхэд байгаа
- Тэдгээрээс 3 нь хүнд хэлбэртэй байна
Мөн өчигдөр шөнө Чингэлтэй дүүргээс дөрвөн настай хүүхдэд менингитийн шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д яаралтай хүргэгдэн хэвтэн эмчлүүлж эхэлжээ.
Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд аюулд өртөж байна
ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн хэлснээр, эцэг эх, асран хамгаалагч нарын зарим нь вакцин эсэргүүцэгч үзэл суртлын нөлөөнд автаж, товлолт вакциныг хийлгэхээс татгалзаж байгаа нь халдварт өвчин дахин сэргэхэд хүргэж буй гол шалтгаан болж байна.
ХӨСҮТ дараах зөвлөмжийг өгч байна:
- Хүүхдүүд товлолын дагуу дархлаажуулалтад хамрагдах ёстой
- Хэрвээ товлолоос хоцорсон бол 15 нас хүртэлх хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулж байгаа
- Дархлаажуулалтад орон нутгийн болон өрхийн эмнэлгүүдэд харьяалал харгалзахгүй хамруулна
Зуслангууд вакцингүй хүүхдийг авахгүй
Зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн зуслангууд улаанбурхан өвчний голомт болох эрсдэлтэй байгааг ХӨСҮТ онцлов.
- Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдийг зусланд хүлээж авахгүй байхыг зөвлөж байна
- Зуслангууд агааржуулалт, агаарын сэлгэлтэд онцгой анхаарах ёстой
Вакцины талаар худал мэдээлэлд бүү итгэ
ХӨСҮТ-өөс вакцины эсрэг ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж, дараах баримтыг дахин санууллаа:
- Улаанбурханы эсрэг вакцин нь халдвараас 85–95 хувийн хамгаалалт үзүүлнэ
- Хэрэв халдвар авсан ч, вакцинд хамрагдсан бол өвчин хөнгөн хэлбэрээр явагдана
Намрын улиралд аюул улам нэмэгдэнэ
Нийслэлд халдварын дэгдэлт өндөр байгаа тул одоо дархлаажуулалтад хамрагдахгүй бол намар томуугийн улиралтай давхцан хүүхдийн өвчлөл, хүндрэл, эндэгдэл эрс нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.