Дуучин ThunderZ буюу Б.Өлзий-Учрал “Монгол” нэртэй шинэ уран бүтээлээ цацаж, сонсогчдын хүртээл болголоо. Тэрээр энэхүү дуугаараа Монголчууд XI–XII зуунд гаднынхны нүдээр хэр хүчирхэг харагдаж байсан тухай төсөөллийг гаргахыг зорьсон гэдгээ онцолсон байна. Дууны санаанд түүхэн өнгө аясыг орчин цагийн хүч, тэсвэрийн бэлгэдэлтэй холбон өгчээ. Тухайлбал, Хабул хаан хүү Охинбархагт хүчтэй, ухаантай эрсийг ялган өгсөн гэх домгийг бэлгэдлийн хэлбэрээр клипэнд тусгасан байна.
Клипний онцлог нь Монголын тулааны спорт, үндэсний бөхийн нэртэй төлөөллүүд өргөнөөр оролцсон явдал байв. Гол дүрүүдэд Physical Asia шоуны оролцогч, ONE Championship-ийн Bantamweight MMA дэлхийн аварга Б.Энх-Оргил, дэлхийн цомын аварга, циркчин Э.Лхагва-Очир, жүдо бөхийн ОУХМ А.Адьяасүрэн нар тоглосон байна. Мөн Монголын анхны UFC тулаанч, Karate Combat-ын тулаанч, MGL-1 кикбоксын аварга, MGL-1 MMA хөнгөн жингийн аварга Д.Батгэрэл, холимог тулааны тамирчин GLADIATOR (Япон)-ын аварга, MGL-1 аварга Т.Нямжаргал, аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ нар клипэнд дүр бүтээжээ.
Туслах дүрүүдэд үндэсний бөхийн олон цолтнууд багтсан байна. Үүнд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Д.Хүдэрбулга, улсын заан С.Сүхбат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин бөгөөд ОУХМ Л.Отгонбаатар нар оролцжээ. Түүнчлэн аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Д.Бямбасүрэн, аймгийн арслан С.Ерөөлт, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн арслан П.Хүрэлбаатар, аймгийн начин О.Намнанжанцан нарын зэрэг бөхчүүд тоглосон байна. Мөн сумын заан, бодибилдингийн тамирчин, “Монголын мистер” А.Батнасан клипэнд оролцжээ.





