Францын эрэг орчимд XVI зууны үед живсэн эртний худалдааны хөлөг онгоцны үлдэгдэл илэрч, археологичид болон түүхчдийн анхаарлыг татаж байна. Энэхүү олдворыг Францын цэргүүд хээрийн сургуулилт хийж байх үедээ Газар дундын тэнгисийн ёроолд, далайн гадаргаас 2.5 км-ийн гүнд илрүүлжээ.
Ойролцоогоор 30 метр урт, 7 метр өргөн энэхүү модон хөлгийн бүтэц, хийц нь дундад зууны үеийн тэнгисийн худалдааны онцлогийг хадгалсан хэвээр байгаа аж. Тус хөлгийн урд, хойд хэсгийн их буу, зарим төрлийн ачаа бараа болон зангуу нь харьцангуй сайн хадгалагдан үлдсэн нь эрдэмтдэд ховор боломж олгож буй.
Одоогоор хөлөг онгоц Италийн боомтоос хөдөлсөн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа ч, яг аль чиглэл рүү зорчсон, хэзээ, ямар шалтгаанаар живсэн талаар тодорхой баримт хараахан байхгүй байна. Гэсэн ч удахгүй илүү өргөн хүрээтэй археологийн малтлага, судалгаа эхлэх бөгөөд түүхэн үнэнийг илчлэх боломж нээгдэх нь гарцаагүй.
Энэхүү эртний хөлөг онгоц нь зөвхөн түүхэн ач холбогдолтой төдийгүй, тухайн үеийн далайн худалдаа, навигац, зэвсэглэл, ачаа тээврийн бүтцийн талаарх шинэ мэдээлэл өгөх чухал эх сурвалж болох төлөвтэй байна.