2025 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Яармагийн зам дээр хүргэлтийн автомашин явган хүнийг мөргөсөн осол гарсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Ослын үед “Reowe Clever” маркийн хүргэлтийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан хүүхдийг мөргөсөн бөгөөд хүүхэд одоогоор эрүүл мэндийн байгууллагын хяналтад эмчлүүлж байгаа аж. Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарт хандан замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх, явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүргээ ухамсарлан, хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг дахин сануулж байна. Ялангуяа хүүхдүүд, өндөр настан зэрэг хөдөлгөөнд илүү эмзэг оролцогчдыг хамгаалахад онцгойлон анхаарах шаардлагатайг онцолжээ.