Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё ид өрнөж байгаа энэ өдрүүдэд озеки Оносато 10 дараалсан ялалттайгаар ганцаараа тэргүүлж байна. Тэрбээр өнөөдрийн барилдаанд маэгаширагийн 4 Ичиямамотог ялснаар уналгүй амжилтаа хадгалж, ёкозүна цолны босгыг алхах өндөр найдлага тээж байна.
Түүний ард байрлаж байсан Украины бөх Аонишики комүсүби Вакатакакажэд ялагдаж, 8 даваа, 2 унаатай боллоо. Мөн секиваки Дайеишод дийлдсэн Хакүохо ч тэргүүлэгчдээс хасагдлаа. Үүний үр дүнд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүтэй дөрвөн бөх 8 даваа, 2 унаатайгаар Оносатогийн араас нэхэж эхэлжээ.
Маргаашийн оноолтоор:
- Озеки Оносато тэргүүлэгчдийн нэг комүсүби Вакатакакажэтэй учраа таарсан бол,
- Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн ижил амжилттай яваа Хакүохотой хүч үзэх юм.
С.Бямбасүрэнгийн хувьд тэмцээний гурав болон дөрөв дэх өдөр дараалан унаснаас хойш зургаан дараалсан ялалт байгуулж, 8:2 амжилттайгаар 50 хувийн үзүүлэлтээ хангаад байна.
Монгол бөхчүүдийн амжилт (10 өдрийн дараах байдлаар):
- Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн – 8:2
- Секиваки Киришима Б.Лхагвасүрэн – 7:3
- Маэгаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил – 3:7
- Маэгаширагийн 5 Чиёшоома Г.Мөнхсайхан – 2:8
- Маэгаширагийн 6 Ошома П.Дэлгэрбаяр – 7:3
- Маэгаширагийн 8 Онокацү Б.Чойжилсүрэн – 6:4
- Маэгаширагийн 17 Тамашохо Э.Энхманлай – 4:6
Тэмцээний төгсгөл ойртож буй энэ үед тэргүүлэгчдийн өрсөлдөөн ширүүсч, Оносатогийн түүхэн амжилт гаргах эсэх нь хүлээлт дагуулж байна.