Японд зохиомол үүдэл эс буюу iPS эсүүдийн тусламжтай гарган авсан Паркинсоны өвчнийг эмчлэх бэлдмэлийг хэрэглэхийг зөвшөөрсөн талаар тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Үэно Кеничиро сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэрээр “Үйлдвэрлэх, худалдах зөвшөөрлийг хоёр эм бэлдмэлд олгосон” гэж хэлсэн байна. Эдгээрийн нэг нь iPS эсээс ургуулсан мэдрэлийн эсүүдэд суурилсан “Amshepuri” бэлдмэл бөгөөд Паркинсоны өвчтэй хүмүүст шилжүүлэн суулгах зориулалттай ажээ. Уг бэлдмэлийг Киотогийн их сургуулийн iPS эсийн судалгаа, хэрэглээний хүрээлэнгийн эрдэмтэд “Sumitomo Pharma” компанитай хамтран боловсруулсан байна.
Киотогийн их сургууль өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эмнэл зүйн туршилтын үр дүнгийн талаар мэдээлж байсан бөгөөд зарим өвчтөнд эс шилжүүлэн суулгасны дараа биеийн байдал нь мэдэгдэхүйц сайжирсан гэж дурджээ. “Sumitomo Pharma” компани уг бүтээгдэхүүнийг “Amshepuri” нэрээр худалдаанд гаргах хүсэлтээ өнгөрсөн оны наймдугаар сард өгсөн бөгөөд холбогдох байгууллагууд тусгай түргэвчилсэн журмаар баталсан байна.
Мөн зүрхний булчингийн эмгэгшлийг эмчлэх зориулалттай, iPS эсэд суурилсан “Reheart” бэлдмэлд зөвшөөрөл олгосон талаар мэдээлжээ. Эдгээр хоёр нь дэлхий дээрх iPS эсэд суурилсан анхны ийм төрлийн баталгаажсан бэлдмэлүүд гэж онцолсон байна.





