Хоошоёрюү анхны унаагаа бүртгүүлэв
Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын башёгийн 12 дахь өдрийн барилдаан өндөрлөж, тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт гарлаа. Эхний 11 өдөр дараалан ялалт байгуулж, тэмцээнийг ганцаараа тэргүүлж байсан ёкозүна Хоошоёрюү С.Бямбасүрэн энэ өдөр комисүби Аонишикид ялагдсанаар анхны унаагаа хүлээж авлаа. Ингэснээр тэрбээр хоёр башё дараалан Аонишикид дийлдэж буй нь боллоо. Тэрбээр өмнөх буюу 7-р сарын тэмцээний гурав дахь өдөр мөн энэ залууд ялагдаж, улмаар тав дахь өдрөөс эхлэн гэмтлийн улмаас барилдаанаа орхисон юм.
Оносато тогтвортой барилдаж, Хоошоёрюүг гүйцэв
Ёкозүна Оносато тэмцээний эхэнд нэг унаатай явж байсан ч дөрөв дэх өдрөөс хойш тогтмол ялалт байгуулсаар байгаа. Тэрээр өнөөдөр секиваке Киришима Б.Лхагвасүрэнг ялснаар 11 даваа, нэг унаатай болж, ижил амжилтаар Хоошоёрюүтэй зэрэгцэн башёг хамтран тэргүүлж эхэллээ.
Тэдний ард маэгаширагийн 7 байранд барилдаж буй Таканошо 10 даваатай нэхэж байна. Тэрээр өнөөдөр озеки Котазакүраг давснаар ёкозүна нарын түрүүгийн өрсөлдөөнд хүчтэй оролцож эхэлжээ.
Доод зиндаан дахь монгол бөхчүүдийн амжилт
Жүрёо зиндаанд улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох 10 даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн тоонд бичигдэж байна. Харин хамгийн доод зиндаа болох жоникүчи зиндаанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох зургаан дараалан ялалт байгуулан нэг ч унаагүй тэргүүлж байна.
Башёгийн төгсгөл рүү уралдаан улам ширүүсч, ёкозүна нарын хоорондын шууд барилдаанууд, доод зиндааны тэргүүлэгчдийн хувь заяа тодорхой болох шийдвэрлэх өдрүүд хаяанд ирээд байна.