Европ болон барууны орнуудын сүмо бөхийн фенүүдийн хувьд энэ долоо хоног онцгой үйл явдал тохиож байна. Лондонгийн алдарт “Royal Albert Hall” ордонд сүмо бөхийн тэмцээн эхэлж, Японоос гадна улс оронд 20 жилийн дараа анх удаа ийнхүү тэмцээн зохион байгуулагдаж байгаа нь онцлох үйл явдал болжээ.
Сүмо 34 жилийн дараа Лондонд буцаж ирлээ
Таван өдрийн турш үргэлжлэх “Башё Лондон-2025” тэмцээн арван сарын 15-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд Лондон хотноо сүмо бөхийн тэмцээн сүүлийн 34 жилийн дараа дахин зохион байгуулагдаж байна.
Тэмцээний өмнө Японы Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Хаккакү, ёкозүна, озеки зэрэг дээд зэрэглэлийн бөхчүүд болон холбооны төлөөллөөс бүрдсэн 80 гаруй хүн тэмцээн болох газрын гадна зураг даруулж, фенүүдтэй уулзаж, гарын үсэг зурж, зураг татуулсан байна.
Ёслолын үеэр тэмцээний аюулгүй байдал, амжилтын төлөө залбирал үйлдэж, шүүгчид болох гёожи нар дохёг сакэ архиар ариусгасан ёслол үйлджээ.
Ёкозүна Хошорюүгийн зорилго
Монгол ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн тэмцээний өмнө NHK-д өгсөн ярилцлагадаа:
“Royal Albert Hall доторх дэвжээг хараад үнэхээр гайхсан. Энэ бол ховор боломж, би Башёд түрүүлэх зорилготой байна.”
гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
Тэмцээний зохион байгуулагчдын мэдээлснээр 27 мянган тасалбар бүгд худалдаалагдсан бөгөөд энэ нь Европт сүмо бөхийн нэр хүнд хэр өндөр байгааг илтгэж байгаа юм.
Дэлхий дахинд сүмогийн сонирхол нэмэгдэж байна
Сүүлийн жилүүдэд сүмо бөх Японоос хальж, дэлхийн спортын соёлын нэг хэсэг болон хүрээгээ тэлж байна. Ирэх 2026 оны зургаадугаар сард Парис хотод сүмо бөхийн үзүүлэх тоглолт зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа аж.
Лондон дахь тэмцээнийг үзэхээр ирсэн фенүүдийн дунд Унгараас ирсэн Хошорюүгийн шүтэн бишрэгч “Түүхэн газарт сүмог биечлэн үзэж байгаадаа маш баяртай байна. Үзэх тусам улам олон рикишид дуртай болдог” гэж сэтгэгдлээ хуваалцсан бол, Лондонд амьдардаг нэгэн япон эмэгтэй “Би Хакүохотой уулзсан. Тэр үнэхээр гайхалтай хүн байсан. Өнөөдөр түүнд хамгийн их амжилт хүсч байна” гэж ярьжээ.