-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Занданшатар гаалийн “арын хаалга”-нд дайн зарлав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэх, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд гааль, татварын байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй ноцтой зөрчлүүд илэрч, үр дүнг танилцуулсны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.12.05/ Улаанбаатар хотын Гаалийн газарт очиж байдалтай газар дээр нь танилцлаа.

Гаалийн бүрдүүлэлтийг хиймэл оюун ухаанд шилжүүлэх чиглэл өглөө

Ерөнхий сайд хамгийн түрүүнд гаалийн бүрдүүлэлтийн процессыг хиймэл оюун ухаан ашиглан 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэхийг гаалийн байгууллагын удирдлагуудад даалгав. Ингэснээр хүний хүчин зүйлээс шалтгаалах авлигын эрсдэл, “гар дамжсан” тохиролцоог системийн түвшинд таслан зогсоох боломжтойг онцолсон байна.

Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй гэж үнэлэгдсэн 50–70 гаалийн байцаагчийг яаралтай ротацид оруулах, нэг газарт удаан хугацаанд ажилласнаас үүдэлтэй ашиг сонирхлын сүлжээг задалж, хяналтыг чангатгах үүргийг газар, хэлтсийн удирдлагуудад өглөө.

“Танилын бараа”, “онцгой шугам”-ыг таслан зогсоохыг хатуу санууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар гаалийн байгууллагын ажилтнуудад хандан аж ахуйн нэгж, иргэдийг том, жижиг гэж ялгалгүй, нэг шалгуур, нэг стандартыг баримталж ажиллах шаардлагатайг онцлов.

Тэрээр гааль дээр тогтсон “танилын бараа”, “онцгой шугам” нэртэй далд систем, авлига, арын хаалганы хэлбэртэй үйлдлүүдийг нэн даруй зогсоохыг хатуу анхааруулж, шударга бус харьцаа, давуу байдал олгодог бүх механизмыг хуулийн дагуу таслан зогсоох ёстойг онцолжээ.

Төсөвт төвлөрөх ёстой орлого дутуу байна

Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар гаалийн байгууллага улсын төсөвт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласан. Харин одоогийн гүйцэтгэл нь 6.2 их наяд төгрөг, буюу ердөө 80 хувьтай байгаа талаар мэдээлэв.

Иймээс төлөвлөгөөт орлого бүрэн биелээгүй, гаалийн шугамаар төсөвт орох ёстой мөнгө дутуу төвлөрч байгаагийн шалтгаан, суурь хүчин зүйлсийг нэн даруй тодорхойлж, нарийвчилсан тайлан, дүгнэлтийг Засгийн газарт богино хугацаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

13.5 тэрбумын татварын зувчилт шалгагдаж байна

Цагдаагийн байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээллээр, нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн давтамжтайгаар гаалийн татварын орлогоос нийт 13.5 тэрбум төгрөгийг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсан нь тогтоогдоод байгаа бөгөөд үүний улмаас улс төсөвт орж ирэх ёстой татварын орлого эрс багассан гэж урьдчилсан дүгнэлт гарчээ.

Ерөнхий сайд авлигын сүлжээг таслан зогсоох, хууль бус ажиллагаанд холбогдсон албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох, гаалийн тогтолцоог ил тод, хяналтад суурилсан системд бүрэн шилжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилтын нэг гэдгийг дахин мэдэгдсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу