-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Занданшатар Хөвсгөлд 3 том бүтээн байгуулалтыг зэрэг хөдөлгөнө гэж зарлалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хөвсгөлд ажиллаж, бодлого төлөвлөгөөгөө танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрээр 2026 оны нэгдүгээр сарын 5-нд аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, 300 хоногийн ажлын төлөвлөгөө, мөн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулжээ.

Мөрөнд үерийн далан, Хөвсгөл нуурт “Найрамдал-2”-ын ажил эхэлнэ

Уулзалтын үеэр Мөрөн суманд 15.4 км урт үерийн хамгаалалтын далан барих шаардлагатай санхүүжилтийг 2027 оны төсөвт тусгуулахаар болсон талаар мэдээлсэн байна. Мөрөн суманд 2010-2024 оны хооронд нийт найман удаа томоохон үер бууж, 400-900 сая төгрөгийн хохирол учирч байжээ.

Мөн Хөвсгөл нуурыг түшиглэсэн “Найрамдал-2” зуслангийн бүтээн байгуулалт газрын маргаанаас шалтгаалан удааширч, гацсан байсан ч ирэх онд ажлыг эхлүүлэхээр болсон тухай танилцуулсан байна.

2027 онд босоо тэнхлэгийн авто зам, эрчим хүчний өргөтгөл яригдлаа

Ерөнхий сайд мөн өдрийн үдээс хойш Шинэ-Идэр суманд ажиллаж, иргэдтэй уулзахдаа Архангай, Завхан аймгийн хилийн зааг Солонготын давааны амнаас Хөвсгөл аймгийн Жаргалант – Шинэ-Идэр – Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг 2027 онд эхлүүлэхээр болсныг танилцуулжээ.

Хөвсгөл аймаг 137 мянган хүн амтай бөгөөд “аялал жуулчлалын алтан гурвалжин” гэж нэрлэдэг гурван аймгийн нэг учраас Засгийн газар аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Г.Занданшатар онцолсон байна. Өнгөрсөн онд аялал жуулчлалын идэвхтэй улирал буюу 6-10 дугаар сард гадаад, дотоодын 157,562 жуулчин Хөвсгөл аймгийг зорин иржээ.

Судалгаагаар тус аймгийг зорьж буй жуулчдын 60 орчим хувь нь Жаргалант – Шинэ-Идэр – Мөрөн чиглэлийн авто замаар зорчдог тул эсрэг урсгалтай 157 км авто зам барихаар төлөвлөсөн гэж мэдээлэв.

Г.Занданшатар “Аялал жуулчлал Хөвсгөл аймгийн орлогын том эх үүсвэр, ажлын байр. Тийм учраас Ханх-Хатгал- Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Хатгал – Жанхай – Тойлогт, Хатгал – Хүзүүвчийн шил, Булган – Мөрөн чиглэлийн авто замын засварын ажлыг эхлүүлнэ. Авто зам дагаж хөгжил ирнэ, жуулчид нэмэгдэж, сум орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн ашиг, орлого өснө” гэсэн байна.

Шинэ-Идэр сум 1924 онд байгуулагдсан, 3059 хүн амтай бөгөөд авто замын асуудлаас гадна эрчим хүчний хангамжийг нэн тулгамдсан гэж иргэд ярьжээ. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Завхан аймгийн Их-Уул сумын хэрэглээг хангах 10 квт-ын эх үүсвэр Жаргалант суманд байдаг ч хүчин чадал хүрэлцэхгүй болж доголдож байгаа тул 35квт болгож өргөтгөх, дэд станц байгуулах саналыг нутгийнхан тавьсан байна.

Ерөнхий сайд “Эрчим хүчний яам тус бүс нутагт эх үүсвэрийг 35 квт болгож өргөтгөх, эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахын аль нь эдийн засгийн хувьд өгөөжтэй байх талаар судалгааны ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг эрчимжүүлж энэ онд багтаан эхлүүлье” гэж хэлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу