-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Засгийн газруудын төсвийн тэлэлтээс болж дэлхийн өр 348 их наяд ам.долларт хүрчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дэлхийн нийт өр 2025 оны эцсийн байдлаар 348 их наяд ам.долларт хүрч, шинэ дээд түвшинд очсон талаар Олон улсын санхүүгийн хүрээлэн (IIF) мэдээллээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд өрийн хэмжээ ойролцоогоор 29 их наяд ам.доллароор нэмэгдсэн нь цар тахлын дараах хамгийн огцом өсөлтөд тооцогдож байна.

IIF-ийн 2026 оны хоёрдугаар сарын 25-нд нийтэлсэн тайланд дурдсанаар энэхүү өсөлтийн гол эх үүсвэр нь засгийн газруудын өр байжээ. Тухайлбал, төрийн өр дангаараа 10 гаруй их наяд ам.доллароор нэмэгдсэн бөгөөд өсөлтийн дөрөвний гурвыг АНУ, БНХАУ болон Европын орнууд бүрдүүлсэн байна.

Судалгаанд дурдсанаар дэлхийн өрийн мөчлөгт энэ удаа өрх, аж ахуйн нэгжээс илүүтэйгээр томоохон эдийн засгуудын төсвийн алдагдал зонхилж нөлөөлсөн байна. 2026 оны эхэнд бондын зах зээл дээр урьд өмнө байгаагүй их хэмжээний арилжаа хийгджээ.

Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой боловч саармаг байх төлөвтэй байгаа нь өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр зээл татах боломжид хөрөнгө оруулагчид анхаарал хандуулж буйг тайланд онцолсон байна.

2025 оны өрийн бүтэц

IIF-ийн мэдээлснээр 2025 онд:

  • Засгийн газрын өр 106.7 их наяд ам.долларт хүрсэн (2024 онд 96.3 их наяд ам.доллар байсан).
  • Компаниудын өр 100.6 их наяд ам.долларт хүрсэн.
  • Өрхүүдийн өр 64.6 их наяд ам.доллар болсон байна.

Өрийн харьцаа

2025 онд дэлхийн нийт өр ДНБ-ий 308 хувьтай тэнцэж, өмнөх оноос бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ бууралтад өндөр хөгжилтэй орнууд нөлөөлсөн бол хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ нэмэгдэж, ДНБ-ий 235 хувьд хүрсэн нь дээд үзүүлэлт болсон байна.

“IIF”-ийн тайланд засгийн газруудын төсвийн тэлэлт, зөөлөн мөнгөний бодлого, зохицуулалтын уян хатан орчин нь өрийн өсөлтийг дэмжиж байгааг дурджээ. Мөн эдгээр нөхцөл байдал нь зах зээлийн тодорхой хэсгүүдэд эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтойг анхааруулсан байна.

Өндөр хөгжилтэй эдийн засагтай орнуудын нийт өр 231.7 их наяд ам.долларт хүрсэн бол хөгжиж буй орнуудын өр 116.6 их наяд ам.доллар болж, аль аль нь түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Шинжээчдийн үзэж буйгаар өрийн бүтэц өөрчлөгдөж байгаа нь анхаарал татаж байна. Цар тахлын үеийн оргил түвшнээс хойш хувийн хэвшлийн өр буурсан ч төрийн өр үргэлжлэн нэмэгдсээр байгаа аж. Бодлогын хүүгийн өөрчлөлт болон хөрөнгө оруулагчдын итгэлтэй холбоотой эрсдэл үүсэх магадлалтайг “IIF” онцолсон байна.

2026 оны нэгдүгээр сард засгийн газрууд төсвийн хэрэгцээгээ хангах зорилгоор их хэмжээний бонд гаргасан бөгөөд хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байснаар уг сар зах зээлийн түүхэнд өндөр дүнтэй арилжаатай саруудын нэг болсон байна. Мөн компаниуд идэвхтэйгээр бонд гаргаж, зээл татаж эхэлжээ. АНУ-ын технологи болон үйлдвэрлэлийн томоохон компаниуд хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулах зорилгоор санхүүжилт босгож байгаа аж. Үүний үр дүнд 2026 онд компанийн салбарын өсөлт идэвхжих төлөвтэй байна.

Хэрэв засгийн газруудын төсвийн алдагдал буурахгүй, компаниуд бондын зах зээлээс санхүүжилт татсаар байвал дэлхийн нийт өр 2026 онд ч өсөх хандлагатай байгааг тайланд дурджээ.

Эдийн засгийн өсөлтийн төлөв

Олон улсын валютын сангийн 2026 оны нэгдүгээр сарын төсөөллөөр дэлхийн эдийн засаг энэ онд 3.3 хувиар өсөхөөр байна. Үүнээс өндөр хөгжилтэй орнуудын өсөлт 1.8 хувь, хөгжиж буй орнуудын ДНБ 4-өөс дээш хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Гэвч энэ өсөлт нь өрийн харьцааг мэдэгдэхүйц бууруулахад хангалтгүй гэж үзэж байна. Ялангуяа гадаад өрийн дарамт өндөртэй хөгжиж буй орнуудад илүү хүндээр нөлөөлж болзошгүй аж. “IIF”-ийн тооцоогоор 2026 онд хөгжиж буй орнууд 9 их наяд ам.долларыг өрийн эргэн төлөлтөд зарцуулах шаардлагатай. Харин өндөр хөгжилтэй орнуудын хувьд 20 гаруй их наяд ам.долларын бонд болон зээлийн төлбөр хийхээр байна.

Одоогийн байдлаар бондын зах зээл дээрх эрэлт хэвийн түвшинд хадгалагдаж байгаа ч цаашид улс орнуудын төсвийн бодлогын шийдвэрүүд дэлхийн эдийн засгийн чиг хандлагад нөлөөлөхөөр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу