17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Жуулчны амь нас тоглоом биш: Аюулгүй байдлыг тохуурхах бус, хамгаалах ёстой

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголд аялж яваа нэгэн солонгос жуулчин эмэгтэй мориноос унасны дараах бичлэг сүүлийн өдрүүдэд цахим орчинд олны анхаарлыг татаж, трэнд болж байна. Бичлэгт гарсан байдлаас харахад унасан жуулчин шороонд дарагдаж, өвдөг нь шалбарсан, нүүр нь халтартаж сандралдан суугаа нь тод харагддаг. Гэвч энэ байдлыг олон хүн элэглэж, доог тохуу хийж, “морь ингэж унадаггүй юм”, “морь байтугай буг ч үргэнэ” гэх мэтээр хүний зовлонг инээд болгож хувиргажээ.

Гол асуудал нь зөвхөн эмэгтэйн унасан нь бус, түүний аюулгүй байдлыг хангах ёстой байсан хүмүүс хариуцлага алдсанд оршиж байна. Тэр эмэгтэй морь унах ямар ч бэлтгэлгүй — өвдөг нь гарсан богино өмдөн дээр дээл өмссөн, үс гэзгээ боогоогүй байв. Ийм нөхцөлд морь унах нь эрсдэлтэй байсныг хэн ч анхааруулалгүй, зүгээр л морь унуулсан нь илт. Ингээд унасны дараа ч түүнд зүй зохистой тусламж үзүүлэлгүй, бүр зандран загнаж, нүүрийг нь ариун цэврийн цаасаар арчиж буй бичлэг хүртэл нийтлэгдсэн нь дэндүү бүдүүлэг хандлага байлаа.

Энэ мэт үйлдлүүд нь зөвхөн нэг хүний бие махбодийн гэмтэл төдийгүй, манай улсын аялал жуулчлалын нэр хүнд, цаашлаад улс орны имижтэй холбоотой. Тухайн эмэгтэй хүнд бэртэл авсан эсвэл бүр амь насанд нь эрсдэл учирсан бол хэн хариуцах вэ? “Тэр өөрөө буруутай, үсээ боогоогүй” гэх үү? “Морь үргэдэг гэдгийг мэдэхгүй байжээ” гэж хойш суух уу?

Ийм нөхцөлд хэн ч гэсэн хариуцлагын тухай ярих ёстой. Жуулчинд үйлчилж буй хүн бүр — хөтөч, тайлбарлагч, морь тэмээ унуулдаг үйлчилгээ эрхлэгч, хөдөө гэртээ хүлээн авдаг малчин айл хүртэл анхааралтай, хариуцлагатай байх үүрэгтэй. Зөвлөмж, зааварчилгаа өгөх нь тэдний зайлшгүй хийх ёстой ажил. Энэ нь зөвхөн жуулчны эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, манай улсын жуулчдад хандах хандлага, хүндлэлийг илэрхийлнэ.

2024, 2025 оныг хамарсан “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд бид улс орныхоо аялал жуулчлалын нэр хүндийг өсгөхийг зорьж байгаа билээ. Гэвч иймэрхүү хариуцлагагүй, бүдүүлэг хандлага, хүний зовлонг инээд болгон түгээх хандлага газар авбал жуулчдын итгэл, манай улсын нэр хүнд үгүй болно. Жуулчны аюулгүй байдал бол хэзээ ч тоглоом биш.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here